Print logo

Эрх зүйн төсөл

1993 оноос хойш Монгол Улс түүхэндээ анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны дараа Баварийн Ханнс-Зайделийн сан нь орчин үеийн ардчилсан эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөх замаар тус улсад ардчилсан бүтэц, байгуулалтыг дэмжиж ирсэн.

ХСС нь хууль тогтоох санаачилга, шинэчлэлийн талаар зөвлөгөө өгөхөөс гадна шүүгч, хуульчдад зориулсан улсын хэмжээнд хийгдэж буй төрөл бүрийн арга хэмжээг дэмжиж, Бавари ба Монголын хооронд симпозиум, лекц, ажлын айлчлал хийдэг. Жишээлбэл ХБНГУ дахь Монголын хуульчдын сургалт, судалгаа болон ирээдүйн боловсролыг Германы мэргэжилтнүүдээр дамжуулан, мөн хэвлэн мэдээллэх, зөвлөгөө өгөх хэлбэрээр мэдлэг олгон сургадаг юм.

Германы эрх зүйн мэдлэгийн талаар Монгол түншүүдээс сурах хүсэлт ирэх бүрт ХСС нь ХБНГУ-тай холбоо тогтоож, өөрсдийн тогтвортой эрх зүйн соёл ба уламжлалыг хөгжүүлэн, ардчилсан бүтцээ бэхжүүлснээр Монгол Улс үр шимийг нь хүртэх бирж байгуулахыг хүсдэг.

Сорилт

Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) задарсны дараа Монгол Улс томоохон сорилттой тулгарсан юм. Тусгаар улс байсан боловч ЗХУ-аас хэт хамааралтай, Зөвлөлт загварын төрийн тогтолцоотой байв. 1990 оноос ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжихэд Монгол Улс олон тооны нийгэм, эдийн засаг, эрх зүйн сорил бэрхшээлтэй тулгарав. Ялангуяа эрх зүйн шинэтгэл хийхдээ барууны орнууд, тэр дундаа ХБНГУ-аас туршлага судалсан тул 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль нь ХБНГУ-ын Үндсэн хуультай олон талаараа ижил төстэй. Үндсэн хуулиа баталсны дараа бусад хууль, тогтоомжийг шинэчлэхдээ ч Германы эрх зүйн тогтолцоог чиг баримжаагаа болгосон билээ. Германы Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг (ЗХХШТХ) баримжаалсан шинэ ЗХХШТХ батлагдсанаар монголын иргэд анх удаа төрийн байгууллагын үйл ажиллагаагаар зөрчигдсөн эрхээ  хамгаалуулахаар шүүхэд хандах боломжтой болов. Уг хууль 2016 онд шинэчлэгдэх үед тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд: „Шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш болж буй хамгийн томоохон түүхэн үйл явдлуудын нэг байлаа“ гэж дүгнэсэн.  

Эрх зүйн шинэтгэл амжилттай явагдаж байгаа хэдий ч сорилт, бэрхшээл байсаар байна. Хууль тогтоомжоо шинэчлэн хөгжүүлэхийн зэрэгцээгээр өөрийн онцлогийг шингээсэн эрх зүйн соёл, уламжлалыг төлөвшүүлэх, иргэд, төрийн захиргааны эрх зүйн мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх шаардлага өнөө ч тулгарсаар байна. Гагцхүү эрх зүйн ухамсрыг төлөвшүүлж байж  мэргэжлийн цомхон захиргаатай, авлигаас ангид нийгмийг бий болгох зорилго, зорилт биелэх нөхцөл хангагдах юм.

Шийдэл

Эрх зүй, захиргааны салбарт хамтран ажиллах талаар Ханнс-Зайделийн сан, Монгол дахь түншлэгч байгууллагуудын хооронд 1993 оноос анхны уулзалт яриа өрнөж, хамтран ажиллаж эхэлсэн. Хоёр жилийн дараа Монгол Улсын Засгийн газар, Ханнс-Зайделийн сангийн хооронд албан ёсоор Эрх зүй, захиргааны салбарт хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээр байгуулагдав. Ийнхүү Ханнс-Зайделийн сан нийт шүүгч, захиргааны ажилтнуудад чиглэсэн үйл ажиллагааг орон даяар зохион байгуулж, олон улсын хурал, симпозиум, сургалт, Бавари – Монголын хооронд харилцан айлчлал зохион байгуулж судалгааны ажил өрнүүлж, гарын авлага, хуулийн тайлбар эрхлэн гаргаж, хэвлүүлэх зэрэг нэн чухал шаардлагатай ажлуудыг гүйцэтгэсээр байна. Тус сан эрх зүйн шинэтгэлийг, ялангуяа үндсэн хууль, эрүү, захиргааны эрх зүйг шинэчлэхэд голлон анхаарч ирсэн бол сүүлийн жилүүдэд бусад салбарт, тухайлбал арилжааны эрх зүй, байгаль орчны эрх зүйн чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.  Хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилго нь монголын хуульчдыг ХБНГУ-д сургах, герман хуульчдыг Монголд урьж сургагч багш нарыг мэргэшүүлэх, мэдлэгийг ном хэвлэл болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх явдал юм. Хууль зүйн салбарт германы ноу-хау хаана хэрэгцээтэй байна, түншлэгч байгууллагад ямар хэрэгцээ шаардлага байна, тэнд Ханнс-Зайделийн сан хоёр орны хооронд гүүр болон ажиллана. Энэ нь Монгол Улсад орчин цагийн эрх зүйн соёл, уламжлал, ардчиллын суурь бүтцүүдээ бэхжлүүлэх боломжийг олгох юм.

Үр нөлөө

Монгол Улсын орчин үеийн эрх зүйн тогтолцоо нь германы эрх зүйн тогтолцоонд түлхүү суурилж байна. Ялангуяа үндсэн хууль, эрүү, захиргааны эрх зүйн хууль, тогтоомж нь бүтэц, агуулгын хувьд германыхтай ижил төстэйн зэрэгцээ нийгэмд чухал байр суурьтай олон монгол иргэд Германд боловсрол эзэмшсэн байдаг. Захиргааны хэргийн шүүхийг байгуулахад Ханнс-Зайделийн сан Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн сургуультай нягт хамтарч ажилласан. Сангаас зохион байгуулсан сургалтад давхардсан тоогоор 3600 гаруй шүүгч, хуульч, 10000 гаруй төрийн албан хаагч хамрагдаад байна. Тус сангаас түншлэгч байгууллагуудтай хамтран германы туршлагад тулгуурлан боловсруулсан зарим ном хэвлэл монголын хуульч, судлаачдын хувьд харьцуулсан эрх зүйн судалгааны гол эх сурвалж болон ашиглагдсаар байна. Германы мэдлэг, туршлагыг хууль зүйн салбарын ажилтнуудад (прокурор, улсын өмгөөлөгч, судлаач) төдийгүй хууль сахиулах салбарын ажилтнуудад (цагдаа, шүүхийн шинжээч, байгаль орчныг хамгаалах албаны ажилтнууд) олгосоор байна. Сангийн бүхий л үйл ажиллагаа нь эцсийн дүндээ монголын нийгэмд чиглэдэг. Учир нь чухамхүү монголын нийгэм тус улсад эрх зүйт төрт ёс бэхжих үндсэн хөрс суурь билээ.

Factsheet татах

Үйл явдлын тойм