Print logo

Ханнс Зайдел

Ханнс Зайдел

Ханнс Зайдел

ACSP

Ханнс Зайдел (1901-1961) Баварийн Ашаффенбург хотод төрж, эрх зүйн чиглэлээр 1929 онд докторын зэрэг хамгаалжээ. 1932 онд Баварийн Ардын Намд  (БАН) гишүүнээр элсэж жилийн дараа өөрийн төрөлх хотынхоо Хотын зөвлөлд нэр нь дэвшиж байв. Германы Үндэсний Социалист Ажилчны Нам төрийн эрхэнд гарсныхаа дараа олон тооны еврейчүүдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлснийх нь төлөө Зайделийг баривчлан хорьж байсан юм. Тэрээр 1940-1945 онд дайнд оролцож, дайны дараа америкийн цэргийн удирдлага улс төрийн зөв чиг хандлагатай түүнийг Ашаффенбург хотын захирагчаар томилжээ. 1946 онд Христосын Нийгмийн Холбоо (ХНХ) нам Бавари муж улсын парламент болон Үндсэн хууль батлах хурлын төлөөлөгчийн сонгуульд амжилттай оролцов. Ерөнхий сайд Ханс Эхард мэргэшсэн боловсон хүчин болох Ханнс Зайделийг 1947 оны 9 сард Бавари муж улсын Санхүү, эдийн засгийн сайдаар томилсон байна.  

Муж улсын парламент дахь ХНХ намын бүлэг 1954 онд түүнийг даргаараа  сонгосноор тэрээр дөрвөн намын (Социал демократ нам, Баварийн нам, Чөлөөт ардчилсан нам, Бүх германы бүлэг/Эх нутгаасаа дүрвэсэн, эрх нь зөрчигдсөн иргэдийн холбоо) эвслийн эсрэг сөрөг хүчний удирдагч болжээ. 1955 онд намын дарга болсныхоо дараахан Ерөнхий нарийн бичгийн дарга Фридрих Циммерманнтай хамтран намын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийг шуурхай хэрэгжүүлсэн. 1957 оны аравдугаар сард дөрвөн намын эвсэл задрахад ХНХ нам засгийн эрхийг дахин авч муж улсын парламентын гишүүдийн олонхийн саналаар Ханнс Зайдел Бавари муж улсын Ерөнхий сайдаар томилогдов. Олон нийт Зайделийн чадварыг өндрөөр үнэлсний дүнд 1958 оны муж улсын парламентын сонгуулиар ХНХ нам сонгогчдын бараг 50%-ийн санал авсан нь 1946 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Осолд орж нуруундаа гэмтэл авсны улмаас Зайдел 1960 оны нэгдүгээр сард Бавари муж улсын Ерөнхий сайдын албаа, үүнээс 1 жилийн хойно ХНХ намын даргын ажлаа өгөх шаардлагатай болсон нь сонгогч олон нийтийн хувьд харамсалтай үйл явдал байлаа. 1961 оны наймдугаар сарын 5-ны өдөр Ханнс Зайдел гэмтлийнхээ улмаас таалал төгсөв. Хэдэн сарын дараа намын дэргэд Ханнс Зайделийн нэрээр нэрлэгдсэн сан үүсгэн байгуулах төлөвлөгөө боловсруулж эхлэв.