Print logo

Байгаль орчны төсөл

Хууль эрх зүйн чиглэлээр 30 жилийн туршлагатай, ХЗС нь 2021 оноос хойш байгаль орчны тухай хуульд оролцож эхэлсэн.

Гол нь эрх зүйн шинэчлэлд зөвлөгөө өгөх биш, харин одоо байгаа хуулиудыг хэрэгжүүлэх тал дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Байгаль орчны ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт явуулах, Германы мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтуудыг Экологийн Цагдаагийн Алба, Шүүх Эмнэлгийн Үндэсний Хүрээлэн, Дотоод Хэргийн Их Сургууль гэх түншүүдтэй хамтран зохион байгуулдаг юм.

ХБНГУ-тай сургалт, солилцоо хийх нь төслийн нэг хэсэг юм. Үүний цөм нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэлхий нийтийн тулгамдсан асуудал болгон хэрэгжүүлэхийн тулд хил дамнасан мэдлэг солилцох явдал юм.

Сорилт

Монгол бол нүүдлийн соёл иргэншилтэй, ахуй амьдрал нь байгальд ээлтэй, эдийн засаг нь байгалийн баялгаас ихээхэн хамааралтай орнуудын нэг юм. Аж үйлдвэр тогтвортой хөгжиж, эдийн засаг нь өргөжин тэлж, хүн амын өсөлт нэмэгдсэний улмаас 2000-аад оны эхэн үеэс байгальд (ус, хөрс, агаар) үзүүлэх сөрөг нөлөө ихээхэн нэмэгдсэн. Түүнчлэн 2000-аад оноос хойших уул уурхайн салбар дахь өсөлт нь байгалийн баялгийг хувиараа хууль бусаар олборлох явдлыг нэмэгдүүлсэн. Монгол орны нийт газар нутгийн 21 орчим хувийг эзэлж буй тусгай хамгаалалттай бүсүүд нь дотроо хэд хэдэн ангилалд хуваагддаг (тухайлбал, байгалийн цогцолборт газар, шим мандлын нөөц газар, тусгай хамгаалалттай газар гэх мэт) тул эдгээр бүс нутгийн байгалийн нөөц, газар ашиглалтыг хамгаалахад чиглэсэн ялгамжтай зохицуулалт, дүрэм журам шаардлагатай болсон.

Монгол Улсын Засгийн газар байгаль хамгаалах чиглэлд онцгой анхаарч, биологийн олон янз байдлыг хамгаалах тухай НҮБ-ын конвенци болон бусад зорилтуудыг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гаргасаар байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчны бодлогын шинэчлэл нь Монгол орны биологийн олон янз байдал болон байгалийн бусад нөөцийг хамгаалах нөхцлийг эрс сайжруулсан ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тал дээр учир дутагдалтай хэвээр байна. Байгаль орчны тухай хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагын алба хаагчдын (экологийн цагдаа, байгаль хамгаалагч, шүүхийн шинжээч гэх мэт) хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, байгаль хамгаалах, байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах нь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байна.

Шийдэл

Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсад эрх зүйн салбарт 30 орчим жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж, 2022 оноос байгаль орчны эрх зүйн салбарт төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд экологийн цагдаа, байгаль хамгаалагч, экологийн шинжээч нарыг чадавхжуулах зорилгоор Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад түншлэгч байгууллагуудтай хамтран цуврал сургалт, семинар, зөвлөгөөн, туршлага судлах айлчлалуудыг зохион байгуулж байна.

Байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор нөлөөллийн ажлыг хийхээс гадна олон улсын экспертүүдийг урьж, холбогдох сэдвээр дотоодын түнш байгууллагуудтай туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн зохион байгуулдаг. Байгаль орчны эрх зүйн зохицуулалтын нөхцөлийг ойлгомжтой, уялдаатай болгож олон улсын жишигт нийцүүлэхийн тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар байгаль орчны хууль тогтоомжид учирч буй аливаа асуудал, бэрхшээлийг тодорхойлж, засч сайжруулах ажлыг зохион байгуулж байна. МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран "Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба Хууль" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн талаарх залуу үеийнхний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Мөн байгаль орчны хууль сахиулах байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэр дундаа байгаль орчныг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлж байгаль орчны эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Үр нөлөө

Төслийн үйл ажиллагаагаар дамжуулан Ханнс-Зайделийн сан, Монгол Улсын Засгийн газрын холбогдох яамд, хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагууд, орон нутгийн байгаль орчны байгууллагуудын хооронд нягт, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байна. Иймд, сангийн байгаль орчны төслийн хүрээнд энэ салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, байгаль орчны эрх зүйн салбарт үүсээд буй алдаа дутагдлыг арилгахад дэмжлэг үзүүлж ажиллана. Төслийн гол зорилго нь Монгол, Герман хоёр улсын хооронд болон бүс нутгийн түвшинд байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлага солилцоход гүүр болох юм.

Factsheet татах

Үйл явдлын тойм