Print logo

©Y. Arcurs/dreamstime; ©R. Berold, D. Cervo/adpic

Үйл ажиллагааны чиглэл

Үйл ажиллагааны тойм

Ханнс Зайделийн сангийн үзэл баримтлал, үйл ажиллагаа нь үндсэн дөрвөн нэгжид төвлөрөн хэрэгждэг. Улс төр, үйл явдлын академи нь цаг үеийн тулгамдсан асуудлыг хөндөж шинжлэх ухааны үүднээс судалдаг бол Улс төрийн боловсролын хүрээлэн нь төрөл бүрийн сэдвээр сургалт зохион байгуулдаг. Тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан хүрээлэн нь шинэ залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилготой бөгөөд мөн нийгмийн идэвхитэй, авьяаслаг оюутнууд хамрагдах боломжтой. Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэн нь хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийг удирдаж үнэлгээ өгдөг. Тус хүрээлэн нь сайн засаглал, ядууралтай тэмцэх болон тогтвортой хөгжил зэрэг чиглэлд түлхүү анхааран үйл ажиллагаагаа  хэрэгжүүлж байна.

Эдгээр дөрвөн хүрээлэнд Үндсэн чиглэлийн хэлтэс дэмжлэг үзүүлж ажилладаг. “Клостер Банз” сургалтын төв болон тус сангийн төвд байх хурлын танхим нь уулзалт зөвлөгөөн, харилцан яриа өрнөх гол цэгүүд юм. Сангийн үйл ажиллагааны агуулгын үндсэн чиг шугам нь иргэн ба төрийн хоорондох харилцаа, даяаршил болон бүсчлэл хоорондын зөрчилдөөн гэх зэрэг асуудлууд байдаг. Ингэхдээ олон улсын тавцан дээрхи зөрчилдөөн, хүн амын шилжилт хөдөлгөөн, үүний улмаас ХБНГУ болон Европын улсуудад шинээр тулгарч буй үүрэг хариуцлага, улам бүр өсөн нэмэгдэж буй дангааршил болон түүний нийгэмд үзүүлж байгаа нөлөө,  ирээдүй хойч үеийнхний өмнө хүлээх хариуцлагын асуудлыг голлон авч үздэг.

Бидний тодорхойлолт

Ардчилагчидгүйгээр ардчилал оршин тогтнох боломжгүй. Германы анхны бүгд найрамдах засаглалтай улс болох Ваймарын бүгд найрамдах улсын уналтаас үлдсэн энэхүү сургамж нь ХБНГУ-д улс төрийн сан байгуулагдах үндэслэл болсон билээ. Ийнхүү улс төрийн сангууд нь улс төрийн соёлын нэгэн чухал бүрдүүлэгч хэсэг болох ардчилсан ухамсрыг улс орондоо ул суурьтай, гүн гүнзгий суулгах зорилготойгоор анх байгуулагдсан юм. Холбооны ерөнхийлөгч асан Роман Херцог гуай улс төрийн санг “Ардчилсан үзэл баримтлал, үйл ажиллагааны сургууль, ёс зүйн үндэс суурийг тавьж иргэний зориг болон нийгмийн хамтач ухамсрыг төлөвшүүлэх талбар. Түүнгүйгээр манай улс төрийн тогтолцоо зохистой ажиллах боломжгүй” хэмээн тун оновчтой тодорхойлсон байдаг.

Одоогоор ХБНГУ-д улс төрийн нийт зургаан сан үйл ажиллагаа явуулж байна. Сан тус бүр нэг намыг түшиж тэдгээр намын үзэл баримтлалыг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бараг бүрэн хэмжээгээр төрөөс санхүүжиж парламентаас үйл ажиллагаа явуулах эрхээ авдаг. Улс төрийн сангууд нь ухамсартайгаар, зориуд зэрэгцэн оршдог нь чөлөөт ардчиллын зарчмуудын үүднээс нийгмийн суурь зөвшилцөл дээр суурилсан олон ургальч үзлийг  амьдралд хэрэгжүүлж буй явдал юм. Херцог гуай түүнчлэн “Ардчилал гэдэг нь зөвхөн номлол айлдахын нэр биш харин үлгэр жишээ үзүүлэх явдал юм” гэж хэлсэн байдаг.

“Ардчилал...” гэж Роман Херцог ахин эхлүүлээд “үүнийг зүгээр заах биш харин ухуулах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.

Улс төрийн сангуудын энэхүү гэр бүлд Ханнс Зайделийн сан 1967 оноос бүл нэмэн орж ирсэн. Тус сан нь Бавари муж улсын Ерөнхий сайд, Христосын Нийгмийн Холбоо (ХСХ) намын дарга асан Ханнс Зайделийн нэрээр нэрлэгдсэн юм. ХНХ намыг түшиглэн байгуулагдсан энэ сан германы ард түмний ертөнцийг үзэх христийн үзэл дээр суурилсан ардчиллын болон иргэний боловсролыг дэмжихэд чиглэсэн тус намын улс төрийн боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Тус сангийн сургалтын үйл ажиллагаа нь намын харъяаллаас үл хамааран сонирхсон ямар ч иргэнд нээлттэй байдаг. Гадаад улс орнуудад хэрэгжүүлж буй ардчилал, энх тайван, хөгжлийн төлөөх үйл ажиллагаа нь мөн л дээрхи үзэл баримтлал дээр суурилдаг. Цаашлаад тус сан нь хүний эрхэм чанар ба харилцан ойлголцол, эрх чөлөө ба хариуцлага, эв санааны нэгдэл ба тогтвортой байдал, ижил тэгш боломж, өмнөх болон хойч үеийн эрх тэгш байдал, түүнчлэн нийгмийн нэгж тус бүр бие даан хариуцлага хүлээж, зохион байгуулалттай орших зарчимд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Өмнөө тавьсан зорилго нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болон тэлсэн. Үүнд улс төр, шинжлэх ухаан, бизнес ба иргэний нийгэм хоорондын яриа хэлцэл, ирээдүйн чиг баримжаатай асуудлыг хөндөх, үндэсний болон олон улсын хэмжээний асуудлыг шийдвэрлэх стратегийг боловсруулах, улс төрийн эрх мэдэл, мэдлэг, ур чадварыг сурталчлах, дадлагажуулах, дотоод гадаадын улс төр-нийгмийн идэвхитэй авъяаслаг оюутнуудыг дэмжих, улс орнуудын харилцан ойлголцол, дэлхий дахины хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих гэх мэт үйл ажиллагааг дурдаж болно. Тус сангаас эрхлэн гаргасан танилцуулгаас та бүхэн өргөн цар хүрээг хамарсан эдгээр үйл ажиллагааны талаар товч мэдээлэл авах боломжтой.