Print logo
Jump to main navigation Jump to content

Хэлэлцүүлэг
Дундговь аймгийн байгаль орчныг хамгаалахад хамтын ажиллагааг сайжруулах нь

Төр, иргэний нийгмийн байгууллага болон иргэд хоорондын зөв ойлголцол, хамтын ажиллагааг эрх зүйн хүрээнд сайжруулах замаар байгаль орчныг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг өргөжүүлэх зорилготой тус хэлэлцүүлэг Дундговь аймгийн ЗДТГ-т боллоо.

Хэлэлцүүлгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн санаачилгаар, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,  Онги голын хөдөлгөөн  ТТБ, Уудам Говийн байгаль хамгаалагч эзэд ТББ хамтран зохион байгууллаа.   

 

Уулзалтаар Биологийн ухааны доктор С. Амгаланбаатар Дундговь аймгийн ангийн бүс нутгийн менежментийн тухай илтгэл хэлэлцүүлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэрэм, Баянжаргалан, Сайнцагаан сумын төлөөлөл орон нутгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. 

Мөн аймгийн уул уурхайн салбар нийгэм эдийн засгийн хөгжилд зайлшгүй чухал боловч байгаль орчны доройтлын нэг шалтгаан болж байгааг сумдаас ирсэн төлөөлөл дурдаж байлаа. Иймд илтгэгчид зөвшөөрөлгүй уур уурхай, хайгуул,  ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа эсвэл хууль бус авсан зөвшөөрлийг цуцлуулах, уул уурхайн нөхөн сэргэлт хийх зэргээр уул уурхайн салбарын хариуцлагыг дээшлүүлэхэд төр, иргэд хамтран ажиллаж байгаа жишээг онцоллоо.

Мөн Дундговь аймгийн байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, доройтсон орчныг нөхөн сэргээх, иргэдэд экологийн боловсрол дээшлүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, усны нөөцийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх, тэднийг чадавхжуулах замаар оролцоог хангах зорилгоор Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон Уудам говийн байгаль хамгаалагч эзэд ТББ-ын тэргүүн Т.Цэрэн нар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь тус хэлэлцүүлгийн онцлох үйл явдал боллоо. 

 

Хэлэлцүүлэгт

  • Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун,
  • Аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх О.Цолмон,
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир,
  • Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн,
  • Дундговь аймгийн БОУАӨГ-н төлөөлөл
  • Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү,
  • Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг тэргүүн Феликс Гленк,
  • Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд
  • Судлаач, мэргэжилтнүүд
  • Орон нутгийн Байгаль хамгааллын чиглэлийн ТББ
  • Сайнцагаан, Сайхан-Овоо Баянжаргалан, Дэрэн, Адаацаг сумдын малчдын төлөөлөл оролцов. 

Байгаль хамгаалахад иргэдийн манлайллыг дэмжих, Байгаль хамгааллын сүлжээг өргөжүүлэх сургалт, хэлэлцүүлэг боллоо

Сургалтад Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ЗДТГ-н алба хаагчид, иргэд, малчдын төлөөлөл оролцлоо. 

 

Сургалтын үеэр Сайхан-Овоо сумын ангийн бүс нутгийн менежмент сэдвээр Биологийн ухааны доктор С.Амгаланбаатар, Сайхан-Овоо сумын ургамалжилтын тухай сэдвээр Биологийн ухааны доктор Ж.Оюумаа, Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо ба иргэдийн байгаль хамгааллын туршлага, тулгамдсан асуудал, шийдэл сэдвээр МБОИЗ-н тэргүүн Г.Галтайхүү, Сайхан-Овоо суманд олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулсан тухай мэдээллийг Уудам говийн байгаль хамгаалагч эзэд ТББ-н гишүүн Цэрэн нар илтгэл хэлэлцүүлэв. 

 

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөл Сайхан овоо сумын засаг даргын тамгын газартай Хадан хошууны цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, албажууллаа. 

Сургалтын төгсгөлд Чимид сангаас хандивласан 100 ширхэг жимс, гоёлын модыг сумын удирдлагууд, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэд хамтран Сайхан-Овоо сумын Хадан хошууны цэцэрлэгт хүрээлэнд тариаллаа.