Зүүн хойд Азийн залуучуудын уур амьсгалын зөвлөл байгуулагдлаа.
Монгол , Хятад , Япон , БНСУ-ын уур амьсгалын залуу Манлайлагчдыг нэгтгэсэн Зүүн Хойд Азийн Залуучуудын Уур амьсгалын Зөвлөл (NEAYCC) албан ёсоор байгуулагдсаны нээлтийн арга хэмжээ 2025 оны 6-р сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо.
Тус уулзалтаар НҮБ-н Улс Төр Энхийн Үйл Ажиллагааны Хэлтэс /UNDPPA/ -ийн "Зүйн Хойд Азид ирээдүйн Энх Тайванг бий болгох нь" санаачилгын хүрээнд бүтэн жилийн турш үргэлжилсэн Уур амьсгал, Энх тайвны асуудлаарх бүс нутгийн залуучуудын хамтын ажиллагааг бий болгох үйл хэрэгт нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
Уулзалтын үеэр Зөвлөл (NEAYCC)-ийн гишүүд Зүүн хойд Азийн залуучуудын тунхаглалыг танилцуулж, бүс нутагтаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамтын тэргүүлэх чиглэл болон амбицаа тодорхойллоо.
Мөн уулзалтад дээд түвшний түншүүд болох
НҮБ-ын суурин зохицуулагч ноён Jaap van Hierden
ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын талуудын 17-р бага хурал /COP17/-ын Бэлтгэл ажлын албаны дарга хатагтай Н. Чимгүүндарь,
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Felix Glenk нар уулзлатыг нээж, үг хэллээ. Ноён Felix Glenk
Монгол Улсын болон бүс нутгийн залуус ил тод байдал, хариуцлага, тогтвортой ирээдүйн бодлого боловсруулахад тэдний дуу хоолой чухал болохыг аль хэдийн харуулсан бөгөөд Залуучуудын Уур Амьсгалын Зөвлөл нь үүнийг хэрэгжүүлэх бодит арга хэрэгсэл болж байгааг онцоллоо.
Үндэсний хэмжээнд уур амьсгалын асуудлуудыг танилцуулах болон Зөвлөлийн гишүүдийн хооронд стратегийн хэлэлцүүлэг өрнүүлэх нь тус уулзалтын гол зорилгын нэг байлаа.
Иймээс Зөвлөлийн төлөөлөл 40 гаруй орны 230 гаруй эрдэмтэн, судлаач, засгийн газрын төлөөллийг нэгтгэсэн Улаанбаатарын яриа хэлэлцээрт (2025) оролцож, NEAYCC -н алсын хараа, үйл ажиллагаагаа танилцуулж, залуучуудын дуу хоолойг олон улсын хэлэлцээрийн тавцанд өргөлөө.
Яриа хэлэлцээ “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний сорилт ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд өрнөж, Залуучуудад тус сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн, мэдлэг туршлага хуваалцах боломж тохиосон байна.
Мөн Залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд боломжит оролцогчдын хувьд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч буйгаа илэрхийллээ.

