Print logo
Jump to main navigation Jump to content

Хурал
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, ШҮҮХИЙН ПРАКТИК, ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ханнс Зайделийн сан болон Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад эрх зүйн тогтолцооны үүрэг: Хууль тогтоомж, шүүхийн практик, хүртээмж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ДХИС-ийн “Генерал” танхимд зохион байгууллаа.

Тус хурал нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчин, шүүхийн практик, шүүх болон хууль зүйн ажиллагааны хүртээмж, хууль зүйн туслалцаа, шударга ёсонд тэгш хүртээмжтэй оролцох боломж зэрэг асуудлыг эрдэм шинжилгээ, практикийн түвшинд олон талын оролцоотойгоор хэлэлцсэн онцлогтой байв.
 

Хуралдаанд Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, их сургууль, судалгааны байгууллага, хүний эрхийн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач, хуульч, мэргэжилтнүүд оролцлоо.
 

Эрдэм шинжилгээний хуралд нийт 36 судалгааны ажил ирүүлснээс 8 судалгааны ажил шалгарч, хурлын үеэр танилцуулан хэлэлцүүлэв.

Илтгэл, хэлэлцүүлгийн хүрээнд :

  • хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн эрх зүйн хамгаалалт;
  • шүүхийн практик ба олон улсын хүний эрхийн стандартын хэрэгжилт;
  • шүүхийн болон бусад хууль зүйн ажиллагааны хүртээмж;
  • зохистой хэрэглэгдэхүүн буюу reasonable accommodation;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний шударга ёсонд хүрэх эрх;
  • хууль зүйн туслалцааны хүртээмж;
  • эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал;
  • холбогдох байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцлээ.
     

Хурлын үеэр Хууль зүйн туслалцааны төвийн төрийн томилогдсон өмгөөлөгчид болон Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн лицензтэй багш, лекторууд хамтран 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүллээ.
 

Ийнхүү эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг зөвхөн онолын түвшинд бус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шууд хүрэх практик дэмжлэгтэй хослуулсан нь тус хурлын онцлох хэсэг байлаа.
 

Хурлын илтгэл, хэлэлцүүлгийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах, хууль эрх зүйн орчин, шүүхийн болон бусад хууль зүйн ажиллагаа, шударга ёсны хүртээмж, хууль зүйн туслалцаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан санал, зөвлөмж боловсруулан хэлэлцлээ.
 

Тус хурал нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хамгаалалтыг эрх зүй, шүүхийн практик, хууль зүйн туслалцаа, хүртээмж болон институц хоорондын хамтын ажиллагааны уялдаатайгаар авч үзэх боломжийг бүрдүүлж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, судалгаа, мэргэжлийн сургалтын чиглэлийг тодорхойлоход хувь нэмэр орууллаа.
 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн хууль тогтоомжийн хамгаалалт хангалтгүй бөгөөд хүртээмжтэй журам, зохистой хэрэглэгдэхүүн, ойлгомжтой мэдээлэл, хууль зүйн туслалцаа болон мэргэшсэн хүний нөөц ч мөн адил чухал юм.