Эрдэм шинжилгээний хурал
Ашигт малтмалын хууль бус хайгуул, ашиглалт, олборлолттой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, шалгахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд.
Тиймээс Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Дотоод хэргийн их сургуультай хамтран “Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөл илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлээр уул уурхайн салбараас байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл ба байгаль хамгаалах арга хэмжээнээс эхлээд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж хэлэлцлээ.
Тухайлбал 2022-23 оны байдлаар энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой 460 хэрэгт бүртгэл явуулснаас 46.7 хувь нь гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хуацаа дууссан болон бусад үндэслэлээр хаагдсан, 39,5 хувь нь эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татсан байна. 2024 оны 10 сарын байдлаар бүртгэгдсэн нийт 97 хэргийн 47,1 хувь нь илрүүлэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт улсын бүртгэлд бүртгэгдээгүй техник хэрэгсэл ашигласан, нотлох баримт бүрдүүлэх процессд тулгамдаж буй олон асуудлууд хэрэг илрүүлэлт, шийдвэрлэлтийн байдлыг илтгэх үндсэн шалтгаан болдог байна.
Мөн хууль бусаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүд, түүнийг шүүхээр шийдвэрлүүлсэн байдлыг харуулсан танилцуулгад төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллаж чадвал энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлж чадахыг онцоллоо.
Хурлын үеэр ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг тодорхойлж, зөвлөмж боловсруулан, холбогдох газруудад хүргэхээр боллоо.