Бага хурал
Зүүн хойд Азийн залуучуудын уур амьсгалын зөвлөлийн бэлтгэл хурал зохион байгуулагдлаа.
Хуралд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын орлогч дарга П.Баасанхүү, НҮБ-ын Улс төр, энх тайвныг бэхжүүлэх газрын Зүүн хойд Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлагч Соняа Бахманн, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцов. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тус залуучуудын зөвлөлийг танилцуулж, дэлхийн шийдвэр гаргах үйл явцад залуучуудыг идэвхтэй оролцуулахын ач холбогдлыг тодотгов. Тэрээр Япон, Өмнөд Солонгос, Хятад, Монголын залуучууд дэлхийн шийдвэр гаргах үйл явцад нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа тус төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Оролцогчид өөрсдийн байгууллага болон байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төслүүдээ танилцууллаа. Тэд байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий сайхан ирээдүйг бүтээхийн төлөө урам зориг дүүрэн, тууштай байгаа нь харагдаж байлаа.
НҮБ-ын Улс төр, энх тайвныг бэхжүүлэх газрын ажилтан, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Залуучуудын зөвлөх бүлгийн гишүүн Ижун Ким Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, залуучуудын оролцооны талаар илтгэл тавив. Тэрээр Самоа, Вануату зэрэг Номхон далайн орнууд уур амьсгалын хямралд хамгийн их өртөж байгааг онцлон тэмдэглэв.
Хурлын дунд үеэр залуучуудыг сэргээх зорилгоор “Полак” хөгжөөнт тоглоом тоглолоо. Тус тоглоомын дүрмийн дагуу оролцогчид тухайн дэвшүүлсэн асуудалтай санал нийлж байгаа эсэх, эсвэл үгүй эсэхээ 4 талд хуваагдах замаар илэрхийлж уур амьсгалын өөрчлөлтийн талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.
Хурлын үр дүнд Уур амьсгалын зөвлөлийг байгуулах баримт бичиг, Залуучуудын тунхаглалыг эцэслэн боловсрууллаа. Оролцогчид эргэлзээтэй асуудлуудыг хэлэлцэж, тус баримт бичиг болон тунхаглалыг илүү боловсронгуй болгох тал дээр хамтран ажиллав.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Доктор. Шагдарсүрэнгийн Цэрэндулам, Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, НҮБ-ын Улс төр, энхийг сахиулах газрын ажилтан, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Залуучуудын зөвлөх бүлгийн гишүүн Ижун Ким нар хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид болон оролцсон байгууллагуудад талархал илэрхийлэв.
Энэхүү бэлтгэл ажлын үр дүнг болох Зүүн хойд Азийн залуучуудын уур амьсгалын зөвлөл байгуулах баримт бичгийг 6-р сарын 6-нд болсон “Улаанбаатарын яриа хэлэлцээ” арга хэмжээн дээр танилцууллаа. Тус арга хэмжээ нь Зүүн хойд Азийн улсуудад тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгоход төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид болон иргэний нийгмийн дуу хоолойг нэгтгэх ач холбогдолтой билээ.
