Нээлттэй лекц
ХБНГУ-ын улс төрийн сангийн тогтолцоо
Нээлттэй илтгэлийг Удирдлагын академийн захирал, доктор (Ph.D.), дэд профессор Д. Сүрэнчимэг нээж, н. Гленк-ийг зөвхөн анд нөхрийн хувьд төдийгүй Удирдлагын академи-тай урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн түншлэгч байгууллагын төлөөлөгчийн хувьд мэндчилгээ дэвшүүллээ.
Лекцийн үеэр илтгэгч оролцогчдод хандан асуулт тавьж, чөлөөтэй харилцан ярилцах боломжтойгоор зохион байгуулсан нь хүмүүсийн оролцоог идэвхжүүлж арга хэмжээг илүү сонирхолтой болголоо.
Илтгэгч “Үйлдэлгүй санаа нь хий хоосон зүйл” гэсэн үндсэн санааг дамжуулж германы улс төрийн сангууд үзэл санаанд үндэслэн бодитой үр дүн гаргахыг зорьж ажилладагийг онцлов.
Улс төрийн сан нь төрөөс санхүүждэг боловч үйл ажиллагаагаа хараат бусаар явуулдаг бөгөөд улс төрийн намууд, иргэний нийгэм, олон улсын хамтын нийгэмлэгийг холбох чухал гүүр болж байдаг байна. Тэд бодлого боловсруулах, иргэний боловсролыг дэмжих, мөн олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, засгийн газар, төрийн бус байгууллага, орон нутгуудтай хамтран дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулдаг.
Феликс Гленк Ханнс Зайделийн сан-гийн жишээн дээр германы улс төрийн сангуудын үйл ажиллагааны зарчмыг тайлбарлав. Тэрээр улс төрийн сангийн эрх зүйн үндэс, түүхэн хөгжил, ардчилалд үзүүлэх нөлөө, Германы гадаад бодлогод гүйцэтгэх үүрэг, өнөөгийн тулгарч буй сорилтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Улс төрийн сангууд нь зөвхөн бодлогын судалгааны байгууллага төдий бус, харин түүний хэрэгжилтэд бодитой оролцож, дэлхий дахины хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг юм.
Илтгэлийн төгсгөлд болсон чөлөөт хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ардчиллын төлөвшил, өнөөгийн сорилтууд, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн хамтын ажиллагаанд улс төрийн сангуудын оруулж буй хувь нэмэр, үүрэг оролцоог онцлон тэмдэглэж Монголд хүлээн авч нэвтрүүлж болох сургамж, туршлага, мөн зайлсхийвэл зохих зүйлсийн талаар чөлөөтэй ярилцлаа.
Арга хэмжээний төгсгөлд Удирдлагын сургуулийн захирал, доктор (Ph.D.), профессор Б. Баясгалан лекцийн хүрээнд үнэ цэнэтэй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь олон улсын хамтын ажиллагаа, боловсролын солилцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо хэмээн дүгнэв.

