Уг уулзалтыг “RCE Mongolia” болон МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайны сургалтын тэнхим хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 15 гишүүн байгууллагын төлөөлөллүүд оролцов.
Уулзалтын хүрээнд МУБИС-ийн холбогдох тэнхимүүд тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) болон уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй сургалт, судалгаа, төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Тухайлбал, багш бэлтгэх сургалтад уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг хэрхэн интеграцчилж буй туршлага, газарзүй болон биологийн тэнхимийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Мөн уулзалтын үеэр оролцогчид 2026–2028 оны хугацаанд “RCE Mongolia”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны саналуудаа солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо. Энэхүү уулзалт нь гишүүн байгууллагуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо.