RCE Tongyeong олон улсын форум
Тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа
Азийн Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийн боловсролын мэргэжилтнүүд 2025 оны 5-р сарын 16-17-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Тонгёон хотод цугларан бүс нутгийн мэргэжилтнүүдийн төв (RCE) - ийг Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрхэн хөгжүүлж байгаа туршлага мэдээлэл хийгээд цаашид хөгжүүлэхэд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар хэлэлцлээ.
Тус форум нь RCE Тонгёоны 20 жилийн ой болон RCE Сежахтера /Sejahtera Forest/ сургалтын төвийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдлаа.
Форумын үеэр Малайзын Сэйнс их сургууль (Universiti Sains Malaysia) - ийн профессор Dzulkifli Abdul Razak үндсэн илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр XXI зууны боловсролын чиг хандлагад парадигмын өөрчлөлт шаардлагатайг онцолжээ: XX зуунд боловсролд эдийн засгийн өсөлт тэргүүнд байсан бол орчин цагт илүү хүнлэг, энэрэнгүй, бусдыг ойлгох сэтгэл зэрэг хүний үнэ цэнэ, нийгмийн харилцааг эрхэмлэхийн чухлыг уриалав.
Профессор Разакийн хэлснээр хамтын ажиллагаа, зэрэгцэн орших, хамтран бүтээх зэрэг зарчмууд нь тогтвортой нийгмийг бий болгоход зайлшгүй шаардлагатай. Боловсрол нь зөвхөн мэдлэг олгохоос гадна нийгмийн болон экологийн мэдрэмжтэй, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх ёстойг онцоллоо.
Нэгдсэн үндэсний их сургуулийн Тогтвортой хөгжлийн судалгааны хүрээлэнгийн (UNU-IAS) доктор Jonghwi Park бүс нутгийн мэргэжилтнүүдийн төв (RCE) - өөр дамжуулан дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх гол үүргийг онцлон тэмдэглэжээ. Тэрээр орон нутгийн түвшинд тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлж, хандлагыг өөрчлөхын тулд төсөлт ажлын аргыг боловсролд ашиглах, иргэдийн оролцоог дээшлүүлэх нь чухал болохыг онцлов.
Хэлэлцүүлэгт Ханнс-Зайделийн сангийн Монгол, Солонгос, Хятад дахь төслийн төлөөлөгчид оролцож, бүс нутгийн мэргэжилтнүүдийн (RCE) сүлжээ байгуулах талаар туршлага мэдээлэл хуваалцлаа.
Тухайлбал энэ оны 4 сард МУИС-н Экологийн боловсролын төв Монгол улсад RCE байгуулах хүсэлтээ илгээсэн бөгөөд форумын үеэр холбогдох сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах, RCE-н хөгжил хийгээд Ази - Номхон далайн RCE-н хамтын ажиллагааны талаар туршлага судалж, БНХАУ-н Ханжоу RCE төв болон БНСУ-н Тонгёонг дахь RCE төвийн залуучуудын солилцоог төлөвлөх хүрээнд мэдээлэл хуваалцлаа.
Форум RCE Тонгёоны 20 жилийн ой, RCE Сежахтера ой сургалтын төвийн 10 жилийн ойн ёслолын ажиллагаагаар өндөрлөж, тогтвортой ирээдүйг бий болгоход бүс нутгийн хамтын ажиллагааны чухлыг дахин бататгалаа.