Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Ажлын байрны сэтгэл зүйн дарамтыг даван туулах, сэтгэл зүйн дархлааг бэхжүүлэх нь

Ханнс-Зайделийн сан болон Кристина Ноблийн Хүүхдийн сан нь хүүхэд, залуучуудын хөгжил, сайн сайхны төлөө чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд Насанд хүрээгүйчүүдэд зориулсан сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж, ажлын орчинд тулгардаг сэтгэл зүйн ачаалал, сорилтуудын талаар хэлэлцлээ.

Сургалтыг удирдан явуулахаар ХБНГУ-ын Эрланген-Нюрнбергийн Фридрих-Александрын их сургуулийн профессор, сэтгэл зүйч Марк Штеммлер уригдан оролцов. Тэрээр хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах явцад үүсдэг ажлын байрны стресс, сэтгэл хөдлөлийн ачаалал, мэргэжлийн ядаргаа зэрэг асуудлыг даван туулах талаар судалгаанд суурилсан мэдлэг, практик арга туршлагаа хуваалцав.

Сургалтын хүрээнд ажлын байрны сэтгэл зүйн дарамтын нөлөө, хувь хүний сэтгэл зүйн дархлааг бэхжүүлэх арга зам, өөрийгөө хамгаалах болон сэтгэл зүйн эрүүл мэндээ хадгалах дадал хэвшлийн талаар онцгойлон авч үзлээ. Мөн оролцогчид өөрсдийн туршлагаа солилцож, өдөр тутмын ажилд тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаар харилцан ярилцаж, практик шийдлүүдийг хэлэлцсэн юм.

Энэхүү сургалт нь ажилтнуудын сайн сайхан байдал, мэргэжлийн ур чадварыг дэмжихэд чухал хувь нэмэр орууллаа. Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй шууд ажилладаг мэргэжилтнүүдийн сэтгэл зүйн тогтвортой байдал, ажлын чадамжийг бэхжүүлэх нь тэдний хөгжил, хүмүүжил болон нийгэмшилд үр дүнтэй дэмжлэг үзүүлэх чухал нөхцөл юм.

Ханнс-Зайделийн сан нь Кристина Ноблийн Хүүхдийн сантай тогтоосон үр дүнтэй хамтын ажиллагаандаа талархал илэрхийлж байна. Хоёр байгууллага цаашид ч хүүхэд, залуучуудын сайн сайхан амьдрал, ирээдүйн боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.