СИМПОЗИУМ
СИМПОЗИУМ БОЛЛОО
Симпозиумыг нээж Шүүхийн сахилгын хорооны дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор Ц.Давхарбаяр, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх симпозиумын оролцогчдод илгээлт ирүүлсэн бөгөөд илгээлтийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал уншиж танилцуулсан.
Энэхүү симпозиумаар хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг сахин хамгаалагч хуульчид эрхэлж буй ажил, албан тушаалаас үл хамаарах нийтлэг ёс зүйн хэм хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьсон бөгөөд мэргэжлийн хариуцлагын тогтолцооны нэгдмэл байдлыг хангах асуудлаар үзэл бодлоо хуваалцаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчдын ёс зүйн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинэчлэл хийх арга замыг эрэлхийлсэн юм.
Тус симпозиумаар олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн бөгөөд үүнээс онцлон дурдвал ХНБГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч профессор, доктор Эрик Хилгендорф “Герман улс дахь хуульчдын ёс зүйн хариуцлага” сэдвээр илтэл хэлэлцүүлсэн билээ.
Хоёр дахь хэлэлцүүлгийг шүүгч, прокурорын ёс зүйн асуудлаар өрнүүлсэн.
Симпозиумд оролцогчдын зүгээс хуульчийн мэргэжлийн хариуцлага гэдэг гуравхан үгний цаана ёс зүй, үүрэг хариуцлага, хүн чанар, нэр төр, олны өмнө биеэ авч явах байдал, сэтгэл зүйн тогтвортой байдал, мөн үйлчлүүлэгчийн төдийгүй өөрийнх нь амьдралын утга учир, жаргал, зовлон гээд олон зүйлс багтаж байдаг учраас хуульчийн мэргэжлийн ёс зүйн зөрчил, түүний бүрэлдэхүүн, төрөл, хэлбэрийн талаар нэгдсэн ойлголттой болох, мэдлэг олгох, ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, мэргэжлийн хэм хэмжээг баримтлах хандлага төлөвшүүлэх, хуульчийн ёс зүйн дадалд сургах шаардлагатай байгааг онцолсон.



