Print logo
Jump to main navigation Jump to content

Хэлэлцүүлэг
Байгаль хамгааллын чиглэлээр төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Байгаль хамгаалах иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг сайжруулан өргөжүүлэх” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл (МБОИЗ) болон тус зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл хамтран Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газар, Экологийн цагдаагийн алба, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагууд хамтран оролцлоо.

Уулзалтын зорилго нь байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагуудын хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг эрх зүйн хүрээнд сайжруулж, тогтвортой хамтын ажиллагааны жишиг тогтоох явдал байв.

Арга хэмжээний нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн удирдлага, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн төлөөлөл болон Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зүгээс мэндчилгээ дэвшүүлж, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

 

Хэлэлцүүлгийн хүрээнд байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаа, орон нутгийн туршлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замуудыг танилцуулж, дараах сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцэгдэв.

Үүнд:

  • Байгаль хамгааллын чиглэлээр Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн үйл ажиллагаа, үр дүн
  • Хөвсгөл аймгийн байгалийн нөөц, ангийн бүс нутгийн менежмент
  • Орон нутгийн салбар зөвлөлийн туршлага, хамтын ажиллагааны үр дүн
  • Байгаль хамгааллын сайн туршлагууд болон иргэдийн оролцооны жишээ
  • Орон нутгийн байгаль орчны тулгамдсан асуудлууд, цаашдын зорилт
  • Нөхөрлөлүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо
  • Хог хаягдлын менежмент, бэлчээрийн даац, мэдээллийн сан бүрдүүлэлт зэрэг бодит жишээ, санаачилгууд  

Мөн оролцогчид цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, байгаль хамгааллын чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

 

Санамж бичиг

Арга хэмжээний төгсгөлд талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан нь бодит хамтын ажиллагааг эхлүүлэх чухал алхам боллоо.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь байгаль хамгааллын салбар дахь олон талт оролцоог бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, мөн орон нутгийн түвшинд үр дүнтэй хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.