Туршлага судлах айлчлал
Шүүх тогтолцоо, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа
Айлчлал Баварийн хууль зүйн яамтай хийсэн туршлага судлах уулзалтаар эхэллээ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Бельгийн хаант улсад 2025 оны 3 дугаар сарын 15-22-ны хооронд зохион байгуулагдсан тус аяллын бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академи, Шүүхийн сахилгын хороо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Оюуны инноваци ТББ, Gogo.mn сайт, Ханнс-Зайделийн сан болон ОУЭЗХБ-ын төлөөлөл оролцлоо.
Мюнхен дэх Муж улсын анхан шатны Нэгдүгээр шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Др. Лаурент Лафлёр болон хэлтсийн ажилтнууд зочдод Баварийн шүүхийн байгууллагаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлд баримталдаг зарчмууд, эрх зүйн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв
Төлөөлөгчид ХБНГУ-ын Бавари муж улсын
Мюнхен дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэлийн алба,
Бавари мужийн Хууль зүйн яам,
Баварийн сэтгүүлчдийн холбоо,
Шинэ төрлийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зохицуулах төв,
Бавари муж улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэлийн албаар зочлов.
Бельгийн Хууль зүйн яамаар зочиллоо
Төлөөлөгчид түүнчлэн Бельгийн нийслэл Брюссель хотноо байрлах
Европын бодлогын судалгааны төв,
Европын гадаад харилцааны алба,
Европын Парламент,
Европын Зөвлөл,
Бельгийн Хууль зүйн яам
зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Тус хүрээлэнгийн ахлах судлаач, Сержио Каррера байгууллагынхаа судалгааны чиглэл, онцлог, үр дүнгийн талаар мэдээлэл хуваалцлаа
Айлчлалын бүрэлдэхүүн зочилж очсон байгууллагуудтай шүүхийн ил тод, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэх, шүүх, хэвлэл мэдээлэл, ИНБ-ын хооронд үр дүнтэй харилцааны сувгийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх сэдвээр ярилцаж мэдээлэл авлаа.
Энэхүү айлчлал нь шүүх эрх мэдлийн байгууллагын олон нийтэд мэдээлэл хүргэх тогтолцоог бэхжүүлэх замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүнд: шүүхийн талаар мэдээ, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, энгийн байдлаар хүргэх, шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийг олон нийтэд хүргэхдээ хүний эрхийг хэрхэн хангах, эрх зүйн үндэслэл нь ямар байдаг зэрэг асуудлыг судаллаа.
Түүнчлэн, хамтын ажиллагааны стратеги болон олон нийттэй харилцах арга зүйг боловсруулах, Европын Холбооны шүүх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай энэ чиглэлээрхи хамтын ажиллагааг өргөжүүлэх нь тус аяллын бас нэг чухал зорилго байлаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бельгийн хаант улс болон Европын Холбоонд суугаа элчин сайдын яамтай хамтарсан хүлээн авалт зохион байгуулж хүрэлцэн ирсэн зочдод төсөл, тус айлчлалаас хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.