Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Хуулийн төсөл боловсруулах арга зүйн сургалт зохион байгууллаа

2026 оны 10 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд Ханнс-Зайделийн сан, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төв хамтран “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Ханнс-Зайделийн сангаас хэрэгжүүлж буй “Парламентын үйл ажиллагаа, ардчилсан үйл явцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хуульчдын хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлага, үр нөлөө, хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх чиглэлийн мэргэжлийн мэдлэг, арга зүйн ур чадварыг бэхжүүлэхэд чиглэв.

Хоёр өдрийн сургалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид оролцож, хууль тогтоох үйл ажиллагаанд ашиглагддаг дараах зургаан үндсэн арга зүйг судаллаа. Үүнд:

  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;
  • Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцоолох;
  • Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх;
  • Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах;
  • Хууль тогтоомжийн төсөл боловсруулах;
  • Хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга боловсруулах.

Сургалтыг Герман, Европын эрх зүйн төвийн захирал, дэд профессор Т.Золбоо, тус төвийн ахлах судлаачид Б.Баасандорж, Д.Баяр, Б.Батбаяр, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, тус холбооны сургагч багш Г.Оюунболд нар удирдан явуулж, мэргэжлийн мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.

Сургалтын үеэр оролцогчид хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, зохицуулалтын боломжит хувилбаруудыг үнэлэх, хуулийн төслийн үр нөлөөг тооцох, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт дүн шинжилгээ хийх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

Тус сургалтад 52 хуульч хамрагдаж гэрчилгээ гардан авлаа.

Хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад хуулийн төслийг боловсруулах үе шатнаас эхлэн хэрэгцээ шаардлага, хэрэгжих боломж, үр нөлөөг нь үндэслэлтэй үнэлэх нь чухал ач холбогдолтой. Энэ чиглэлээр хуульчдын мэргэжлийн мэдлэг, арга зүйн чадавхыг бэхжүүлэх нь Монгол Улсад эрх зүйт төр, парламентын ардчиллыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсын эрх зүйн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг хөгжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мэргэжлийн туршлага солилцоог дэмжих үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.