Сургалт
“Хуулийн төсөл боловсруулах, холбогдох судалгаа хийх аргачлал” сэдэвт сургалт
Германы Холбооны Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Герман, Европын эрх зүйн төвийн санаачилгаар, Ханнс Зайделийн сан болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар хамрагдлаа.
Сургалтаар хуулийн төсөл боловсруулах аргачлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцоолох, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх зэрэг асуудлыг авч үзлээ.
Сургалтын хүрээнд академич, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл “Хуулийн амин сүнс”, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор Т.Золбоо “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”, дэд профессор Б.Батбаяр “Хуулийн төсөл боловсруулах аргачлал” сэдвээр тус тус лекц уншив.
Түүнчлэн, Хууль зүйн сургуулийн дэд профессор доктор Т.Золбоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн үр нөлөөг ex-post буюу дараах үнэлгээ хийх аргачлалын талаар илтгэл тавив. Мөн тус сургуулийн дэд профессор доктор Б.Батбаяр хуулийн төсөл боловсруулах аргачлалыг танилцууллаа.
Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Б.Баасандорж “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал”, багш Д.Баяр “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” сэдвээр сургалт явууллаа.
Энэхүү сургалт нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нарын хууль тогтоомж боловсруулах, холбогдох судалгаа, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх, улмаар эзэмшсэн мэдлэгээ сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагаанд ашиглах, бусдад түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.