Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт зохион байгуулагдлаа

Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төв хамтран “Хуулийн төсөл боловсруулагч”-ийн гэрчилгээ олгох сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 07–08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат хэлсэн үгэндээ: “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь тус сургалтын чанар, үр өгөөж, цар хүрээ өндөр байгааг илтгэж байна. Энэхүү сургалт нь аливаа асуудалд шинжлэх ухаанч, логик үндэслэлтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд, ёс зүйтэй бөгөөд мэдрэмжтэй хандаж ажиллах арга барилд суралцах боломжийг олгож байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Тус сургалтын хүрээнд дараах үндсэн сэдвүүдээр хичээл орлоо. Үүнд:

  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал
  • Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал
  • Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал
  • Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал
  • Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал
  • Хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга 

Сургалтыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Герман, Европын эрх зүйн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Т.Золбоо, ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор Д.Баяр, ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор Б.Баасандорж, ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Б.Батбаяр, мөн Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунболд нар удирдан явууллаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалт нь сургалтын агуулгыг нэгтгэн дүгнэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулан, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсний дараа оролцогчдод гэрчилгээ гардуулснаар өндөрлөв.