Хүмүүжигч хүүхдүүд төгсөлтийн баяраа хийлээ
Энэ үеэр тус байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийг амжилттай төгсөж, суурь боловсролын гэрчилгээг 2 сурагч, 12 дугаар ангийг амжилттай төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээг 4 сурагчдад тус тус гардууллаа.
Тус хичээлийн жилд 12 дугаар ангийн сурагч З.С Баянзүрх дүүргийн түүхийн олимпиадад 2 дугаар байр, Улсын түүхийн олимпиадад 8 дугаар байр, ЭЕШ-д түүхийн судлагдахуунаар 694 оноо авчээ. Түүний амжилтыг үнэлж Монголын сурагчдын холбооны “Тэргүүний сурагч” алтан медаль, мөн амжилттай суралцсан нэр бүхий сурагчдыг “Шилдэг сурагч”, “Авьяаслаг сурагч”, “ Спортлог сурагч” алтан медиалаар тус тус шагнаж урамшууллаа.
Үүнээс гадна өдөрлөгийн үеэр суралцагч хүүхдүүдийн эсгий урлал, уран зураг, монгол бичиг мөн судлагдахуун бүрээр үзэсгэлэнг гаргаж, зочид төлөөлөгчид, ар гэрийнхэнд нь танилцууллаа.
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын алба хаагчид эцэг эх, гэр бүлийнхэнд нь нээлттэй мэдээлэл зөвлөгөө өгсөн бөгөөд хамтран ажилладаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олон хүмүүжигч хүүхдүүдийн иргэний үнэмлэхийг хүлээлгэн өгч, Монголын өмгөөлөгчдийн холбоо хуулийн зөвлөгөө мэдээлэл, Кристина ноблийн хүүхдийн сангийн хамт олон “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”, Дүүрэн гэрэл гэгээ хөдөлмөрийн биржийн хамт олон ажлын байр, цагийн ажлын байрны талаар эцэг эх, хүмүүжигч хүүхдүүдэд мэдээлэл зөвлөгөө өглөө.
Кристина Ноблийн хүүхдийн сан “Дүүрэн гэрэл гэгээ” хөдөлмөрийн биржтэй ажлын байр, цагийн ажлын байрны мэдээллээр хангах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
СХТБ-н үйл ажиллагааг дотоодын байгууллагууд тогтвортой дэмжин, хамтран ажиллах нь хүмүүжигч хүүхдүүд эргээд нийгэмд хөл тавихад ажлын байраар хангах, эсвэл мэргэжлийн ур чадвар эзэмшихэд чухал ач холбогдолтой билээ.
Ханнс-Зайделийн сан Кристина Нобелийн хүүхдийн сантай хамтран СХБТ-ын алба хаагчид болон хүмүүжигч хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд тохирсон хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулах замаар хамтран ажиллаж байна.