Чуулга уулзалт
Цэвэр орчин - Эко дадал - Зөв шийдэл
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын А хэсгийн Орчны бүсийн сумдын Эко клубийн 12 дугаар чуулган энэ жил "Цэвэр орчин - Эко дадал- Зөв шийдэл" уриан дор Говь-Алтай аймгийн Алтай сумд боллоо. Уулзалтыг Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Луужин ТББ-н санаачилгаар Алтай сумын ИТХ, ЗДТГ, ЕБС-тай хамтран зохион байгууллаа.
Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд, Эко клубийн сурагчдын дунд байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлж, хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилах зөв дадалд сурган, байгаль хамгаалах үйлсэд өсвөр үеийнхэн болоод ахмад үеийн санаачилга, оролцоог нэмэгдүүлж, харилцан туршлага солилцуулан, шинэ санаа олоход туслах зорилго бүхий дээрх уулзалтад Баянхонгор, Говь-Алтай аймгийн 7 сумын Байгалийн хамтын менежментийн нөхөрлөл болон эко клубийн зуу гаруй хүн оролцлоо.
“Байгаль хамгаалагчийн нэг өдөр” сэдэвт өртөөчилсөн сургалтууд тус чуулганы онцлох үйл явдал болсон бөгөөд Ханнс-Зайделийн сан тус сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллаа.
Сургалтаар Их говийн унаган байгалийг хамгаалахаас эхлээд цаг уурын өөрчлөлт, цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг сэдвүүдээр мэргэжилтнүүд болон байгаль орчны идэвхтнүүд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Тухайлбал:
- Алтай өвөр говийн гайхамшиг – Алтай сумын төлөөлөл Б.Бямбадулам Б.Бумбилэг Б. Шинэхүү
- Алтай өвөр говийн шүхэр зүйл – Луужин ТББ төслийн зохицуулагч Р. Болор
- ГИДЦГ-н байгаль цаг уур, ландшафтын онцлог болон Ховор хөхтөн амьтдын судалгааны үр дүн – Байгаль хамгаалагч Х.Ариунбуян
- Байгаль хамгаалагчийн нэг өдөр - ГИДЦГ-ын Хамгаалалтын захиргаа
- “Байгаль хамгааллын үнэт зүйл” - Цэцэгмаа, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (Еnsure) төслийн орон нутгийн зохицуулагч
- “Уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах зүйл “ ГАА-н байгаль орчны газар мэргэжилтэн - Буянжаргал
- Цахим орчин дахь хүүхдийн эрх – Ханнс-Зайделийн сангийн төслийн менежер Б. Үнэнбаяр
- Модтой танилцъя- МУИС-н Экологийн боловсролын төвийн эрхлэгч Р.Сүнжидмаа
- Тогтвортой хөгжлийн боловсрол – Өнгө нэм ТББ-н мэргэжилтэн Өлзийжаргал
Өртөөчилсөн сургалтаар дамжуулан оролцогчдын мэдлэгийг өргөжүүлээд зогсохгүй байгаль орчныг хамгаалах үйлсэд уугуул иргэдийн дуу хоолой, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо. Зохион байгуулагчдын зүгээс орчны бүсийн сумдын хамтын ажиллагаа бэхжиж, залуучуудын оролцоо цаашид улам тогтвортой, байгаль орчинд ээлтэй болно гэдэгт найдаж байна.