Print logo
Jump to main navigation Jump to content

Дугуй ширээний уулзалт
Насанд хүрээгүйчүүдийн эрүүгийн ял шийтгэлийн бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Ханнс-Зайделийн сангаас 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүйчүүдэд чиглэсэн ялын бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Кристина Ноблийн Хүүхдийн Сан (CNCF) болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр ял шийтгэл эдэлж буй хүүхдүүдийн эрхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх цогц арга хэмжээ, холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн хорих ял эдэлж буй насанд хүрээгүй иргэдэд чиглэсэн ялын бодлогын хэрэгжилтийн талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах: “Сургалт, хүмүүжлийн арга хэмжээ авсан хүнийг ‘ялтан’ гэж тэмдэглэх нь тухайн хүний цаашдын амьдралд хар толбо болдог” хэмээн онцлов.

“Зун саатуулагдаад орж ирсэн хүүхэд магадлангийн дараа өвлийн хүйтэнд зуны хувцастайгаа сургалт, хүмүүжлийн байгууллагаас суллагдах тохиолдол бий. Ар гэрт нь мэдэгдэхээс эхлээд тухайн хүүхдийг гэртээ харих хүртэл нь бүрэн төлөвлөгдсөн, уялдаа холбоотой процесс хэрэгтэй байна” хэмээн CNCF-ийн гүйцэтгэх захирал Б.Амаржаргал мөн дурьдав.

 

Түүнчлэн CNCF-ийн зүгээс хийсэн судалгааны зарим үр дүнг танилцуулж, хорих ял эдэлж буй өсвөр насныхныг амьдрах чадварт сургах, нийгэмшүүлэхэд чиглэсэн судалгааны ажлын үр дүнг танилцууллаа. Тус байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад дээрх хөтөлбөрийг олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн.

Уулзалтад оролцогчид насанд хүрээгүй иргэдэд чиглэсэн ял шийтгэлийн бодлоготой холбоотой сайжруулах олон асуудлууд байгааг онцолж, эдгээр асуудлыг цаашид цогцоор нь хэлэлцэх, шийдвэрлэх зорилгоор уг сэдвийн хүрээнд хурал, уулзалтуудыг тогтмолжуулахаар тохиров.