Энэ жилийн хаврын ээлжийн анхны оролцогчид болох Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагчдыг хүлээн авч, төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.
Нээлтийн арга хэмжээнд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх, Экологийн цагдаагийн албаны төлөөлөл мөн МУИС-ийн Экологийн боловсролын төвийн төлөөлөл оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
Ханнс-Зайделийн сан 2022–2025 онд төслийн эхний дөрвөн үе шатыг санхүүжүүлэн хамтран хэрэгжүүлж, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн алслагдсан сургуулиудын 14,000 гаруй өсвөр үеийнхнийг үнэ төлбөргүй хамруулсан байна.
“Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль – 5” төслийн хүрээнд энэ жил Баянгол дүүргийн 2,000 сурагч хамрагдах бөгөөд Экологийн цагдаагийн албатай хамтран хууль бус ан агнуур болон зэрлэг амьтдыг хамгаалах сэдвээр сургалтын тусгай өртөөг зохион байгуулна.
Төсөл нь өсвөр үеийнхэнд байгаль орчны боловсрол, байгаль хамгаалал, экологийн хууль эрх зүйн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэхэд чиглэж байна.
Төслийн үйл ажиллагаа намрын улиралд үргэлжилж, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн 1,500 гаруй сурагч хамрагдахаар төлөвлөгдөж байна.