Print logo
Jump to main navigation Jump to content

Арга хэмжээ
Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвийн албан ёсны нээлт

Монгол Улсад анх удаа байгуулагдсан “Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төв (RCE Mongolia)”-ийн албан ёсны нээлт, мэдээллийн арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр боллоо.

Энэхүү төвийг байгуулах санаачилгыг 2023 онд БНСУ-д болсон Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвүүдийн уулзалтад оролцсон МУИС-ийн Экологийн боловсролын төвийн төлөөлөгчид анх гаргаж байжээ. Уг санаачилга амжилттай хэрэгжиж, байгаль орчин болон боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 12 байгууллагыг нэгтгэсэн үндэсний төв ийнхүү байгуулагдсан юм. Тус төв нь МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимтэй хамтран үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Нээлт

Нээлтийн арга хэмжээг нээж дараах төлөөлөгчид үг хэллээ. Үүнд:

  • Феликс Гленк – Ханнс-Зайделийн сангийн суурин төлөөлөгч
  • Д.Заяабаатар – МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор
  • Т.Ганбаатар – МУБИС-ийн Магистр, бакалаврын сургуулийн захирал, доктор
  • Шахидул Ислам – ЮНЕСКО-ийн Зүүн Азийн төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан мэргэжилтэн

Тэдний хэлсэн үгэнд, Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төв нь тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, үндэсний хэмжээнд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэх чухал суурь бүтэц болж байгааг онцолсон юм.

Судалгаа, илтгэлийн танилцуулга

Арга хэмжээний үеэр дараах илтгэл, танилцуулгууд хийгдлээ.

  • Др. Р.Сүнжидмаа – МУИС-ийн Экологийн боловсролын төвийн эрхлэгч
    → Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвийг үүсгэн байгуулахад гарсан үйл явц, үе шатуудыг танилцуулсан.
  • Др. Д.Үүрийнтуяа – МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч
    → Багш бэлтгэх хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролыг хэрхэн тусгаж буй талаарх судалгаагаа танилцуулсан.
  • Проф. Е.Батчулуун – МУБИС-ийн зөвлөх профессор
    → “Тогтвортой хөгжлийн боловсрол ба RCE-ийн үүрэг” сэдвээр мэдээлэл өгсөн.

 

 

Олон улсын хамтын ажиллагаа

Арга хэмжээний төгсгөлд БНСУ-ын RCE Tongyeong, БНХАУ-ын RCE Hangzhou, Японы RCE Kitakyushu төвүүдээс Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төв байгуулагдсанд баяр хүргэсэн мэндчилгээг ирүүлж, оролцогчид хүлээн авч үзлээ.

Монгол Улсад RCE Mongolia байгуулах өргөдөл, хүсэлтийг 2024 оны 5 дугаар сард Япон Улсад байрлах НҮБ-ын Их Сургуульд илгээсэн бөгөөд уг өргөдөлд тусгай комисс шинжилгээ хийж, дүгнэлт гаргасны эцэст 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр RCE Mongolia-г албан ёсоор хүлээн зөвшөөрч, гэрчилгээ, батламжийг гардуулсан билээ.

Төвийн ач холбогдол

Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төв (RCE Mongolia) нь:

  • Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний сүлжээг байгуулах,
  • Салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх,
  • Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  • Судалгаа, сургалт, инновацийн хамтарсан санаачилгуудыг хэрэгжүүлэх зорилготой юм.

Ийнхүү RCE Mongolia байгуулагдсанаар Монгол Улсад тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих шинэ шатны хамтын ажиллагаа эхэлж байна.