Print logo
Jump to main navigation Jump to content

Үндэсний тэтгэлэг
Ханнс Зайделийн сангийн ээлжит судалгааны тэтгэлгийн эзнээр Нямдаваагийн Хишигнэмэх тодорлоо

Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал, энх тайван, аюулгүй байдлын уялдаа холбоог бодлогын түвшинд бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй залуу судлаач, мэргэжилтэн юм.

Боловсрол

Н.Хишигнэмэх нь Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлага, маркетингийн менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, “ChatGPT-ийн хэрэглэгчийн туршлагад үзүүлэх нөлөө” сэдвээр дипломын ажлаа амжилттай бичиж хамгаалсан. Түүнчлэн Япон Улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд солилцооны хөтөлбөрөөр суралцаж, англи болон япон хэлний мэргэжлийн сургалтад хамрагдсан туршлагатай.

Ажлын туршлага, олон нийтийн оролцоо

Тэрээр одоогоор Монголын НҮБ-ын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, UN Women байгууллагатай хамтран “Women, Peace and Security – Empowering Voices” хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан. Энэхүү ажлын үр дүнд Монгол Улсад Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал (WPS) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл байгуулагдсан юм.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) Залуучуудын элч хөтөлбөрийг зохицуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр залуучуудын мэдлэг, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд идэвхтэй ажилласан байна.

Түүнчлэн “Эмэгтэйчүүдийн цахим хамгаалал” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлснээр технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл (TFGBV), жендерийн тэгш байдал, энх тайван, цахим орчин дахь аюулгүй байдал, хамгааллын талаарх эмэгтэйчүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

Судалгааны ажлын чиглэл

Н.Хишигнэмэх нь Ханнс Зайделийн сангийн судалгааны тэтгэлгийн хүрээнд

“Герман улсын бодлогын туршлагаас Монгол Улсын Эмэгтэйчүүд, Энх тайван ба Аюулгүй байдал (WPS)-ын Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлтөд жендерийн мэдрэмжтэй хандлагыг нэгтгэх нь” сэдвээр нэг жилийн хугацаанд судалгаа хийхээр ажиллаж байна.

Энэхүү судалгаа нь:

  1. Уур амьсгалын өөрчлөлт эмэгтэйчүүдэд хэрхэн ялгаатай нөлөөлж буйг бодлогын түвшинд үнэлэх,
  2. Герман улсын уур амьсгал, жендер, аюулгүй байдлын салбар хоорондын уялдааг судлах,
  3. Монгол Улсын анхны WPS Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө болон NDC 3.0-ийн хэрэгжилтэд чиглэсэн бодитой зөвлөмж боловсруулах зорилготой.

Судалгааны хүрээнд бодлогын баримт бичгийн шинжилгээ, ярилцлага, фокус бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй жендерийн эрсдэл, энх тайван, аюулгүй байдлын сорилтуудыг тодорхойлох юм.

Ханнс Зайделийн сантай уялдах ач холбогдол

Энэхүү судалгаа нь хууль эрх зүй, бодлогын уялдаа холбоог сайжруулах, тогтвортой хөгжил, ардчилсан засаглалыг дэмжих Ханнс Зайделийн сангийн зорилготой бүрэн нийцэж байгаа бөгөөд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал, энх тайван, аюулгүй байдлыг уялдуулсан шинэлэг бодлогын шийдлүүдийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.