Print logo
Jump to main navigation Jump to content

Ханнс Зайделийн сангийн шинэ суурин төлөөлөгч ажлаа хүлээн авлаа.

Ханнс Зайделийн сан нь 1993 оноос хойш “Ардчилал, энх тайван, хөгжлийн төлөө” уриан дор Монгол Улсад хууль дээдлэх, ардчиллыг тогтоох, хөгжүүлэх үйлсэд тууштай зүтгэсээр ирсэн.

Мюнхенд төвтэй Ханнс Зайделийн сан нь Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүждэг бөгөөд дэлхийн 60 гаруй оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар яг одоо шинэ удирдлагаа хүлээн авч байна.

 

Др. Ц.Сарантуяад Холбооны гавьяаны загалмайн одонг Элчин сайд Др. асан Петер Шаллер гардуулж байгаа нь.

Үндсэн хуулийн цэцийн шүүгч асан, профессор доктор гавьяат хуульч Ц.Сарантуяа 28 гаруй жилийн турш Монгол Улс дахь Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр идэвх зүтгэлтэй, тууштай ажилласны эцэст өөрийн хүслээр ажлаа хүлээлгэн өгч, ноён Феликс Гленк түүний орыг залгамжилж байна. Проф. Ц.Сарантуяа-гийн Монгол-Германы хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь Холбооны Ерөнхийлөгч үнэлж 2013 онд “Холбооны гавьяаны тэргүүн зэргийн загалмай” одонгоор шагнасан юм. Түүний 30 орчим жил сангийн үйл хэргийг тууштай, үр бүтээлтэй ажилласанд тус сангийн нийт хамт олны зүгээс гүнээ талархал илэрхийлж байна. Проф. Ц.Сарантуяа-гийн нөр их хөдөлмөргүйгээр тус сан болон Монгол дахь түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа өнөөгийн түвшинд хүрэх боломжгүй байсан гэдгийг шинээр томилогдсон суурин төлөөлөгч онцоллоо.

 

2015 он: Ханнс Зайделийн сан болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хууль эрх зүй, ерөнхий удирдлагын чиглэлийг сурталчлах, зөвлөгөө өгөх тухай шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурав.

Тус сан нь Монгол Улсад 30 шахам жил үйл ажиллагаа явуулахдаа тус улсын Засгийн газарт, тэр дундаа Хууль зүйн яаманд нийтдээ арав гаруй хуулийн төслийг боловсруулахад зөвлөгөө өгч ажилласан. Ханнс-Зайделийн сан мөн түншлэгч байгууллагуудаа төрөл бүрийн хэлбэрээр дэмжин ажилласан. Тухайлбал, шүүгч, хуульч, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээний салбарт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах, олон нийтэд хууль сурталчлах, эрх зүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны хуульчдын хооронд харилцан мэдлэг туршлага солилцоог дэмжин судалгааны тэтгэлэг олгох, хууль, эрх зүйн сэдвээр төрөл бүрийн мэргэжлийн ном, товхимол, гарын авлага боловсруулах, хэвлэн нийтлэх зэргийг дурдаж болно. 2023-2025 онд хэрэгжиж буй төслийн ес дэх үе шатнаас эхлэн байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

 

Ханнс-Зайделийн сангийн шинээр томилогдсон суурин төлөөлөгч ноён Феликс Гленк нь ХБНГУ-ын Людвигсбург хот дахь Төрийн захиргаа, санхүүгийн их сургуулийг “Төрийн удирдлага” мэргэжлээр дүүргэж, Сөүлийн үндэсний их сургуулийн Төрийн захиргааны дээд сургуулийг мөн чиглэлээр магистрийн зэрэгтэй төгссөн. Тэрээр 2014 оноос Монголд ажиллах хүртлээ БНСУ дахь Ханнс-Зайделийн сангийн төсөлд төрөл бүрийн албан тушаалд алба хашиж байсан бөгөөд Солонгосын хойгт эвлэрэл, энх тайвныг тогтооход чиглэсэн төслүүдэд голлон оролцож байжээ.

Ноён Гленк төлөөлөгчийн газрын өмнөх тэргүүнтэй уулзаж ярилцах үедээ: “Ханнс-Зайделийн сан Монголд 30 шахам жил ихээхэн амжилттай ажиллаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус сангийн гаргасан бүхий л амжилт нь проф. Ц.Сарантуяа-тай салшгүй холбоотой. Түүний орыг залгамжлан Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг удирдах нь миний хувьд маш өндөр хариуцлага бөгөөд нэр төрийн хэрэг юм. Бид эрх зүйн салбарт өрнөж ирсэн амжилттай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулах болно. Түншлэгч байгууллагуудтайгаа хамтран байгуулсан амжилтын түүчээг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэсэн юм.