Арга хэмжээнд Герман Улсад суралцсан монгол төгсөгчид, төрийн байгууллагын төлөөлөл, их дээд сургууль, судалгааны байгууллагууд, бизнесийн салбар, олон улсын байгууллагууд, залуу судлаачид, оюутнууд өргөнөөр оролцов. Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Н.Наранбаяр, гадаад, дотоодын олон зочид төлөөлөгчид болон Ханнс Зайделийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлсэн юм.
1926 он нь Монгол Улсын орчин үеийн оюуны түүхэнд онцгой ач холбогдолтой үе байв. Тухайн үед Монгол Улс анхны оюутнуудаа Герман Улсад суралцуулахаар илгээсэн нь зөвхөн боловсролын бодлого төдийгүй, ирээдүйн хөгжлийн стратегийн чухал сонголт болсон юм.
Герман Улс тухайн үед инженерчлэл, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухаан, техник, соёлын салбарт дэлхийд тэргүүлэгч төвүүдийн нэг байлаа. Монголын анхны оюутнууд зөвхөн мэргэжлийн мэдлэг эзэмшээд зогсохгүй, орчин үеийн институцийн соёл, судалгааны арга зүй, хариуцлагатай засаглалын үнэт зүйлсийг эх орондоо авчирсан нь Монголын хөгжлийн суурь болсон.
Анхны үеийн оюутнуудын дунд их зохиолч Дашдоржийн Нацагдорж багтаж байсан бөгөөд түүний уран бүтээлд Европын боловсрол, соёлын нөлөө тод илэрдэг. Энэ нь Монгол–Германы боловсролын хамтын ажиллагаа нь соёл, оюун санааны шинэчлэлд гүн нөлөө үзүүлснийг харуулж байна.
XX зууны турш хоёр орны харилцаа улс төр, нийгмийн өөрчлөлтүүдийг даван туулсан ч боловсролын хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилсэн. Социализмын жилүүдэд олон зуун монгол залуус Герман Улсад техник, инженерийн чиглэлээр суралцаж, Монгол Улсын дэд бүтэц, үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсролын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан.
1990 оноос хойш ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцад Герман Улсад боловсрол эзэмшсэн шинэ үеийн төгсөгчид эрх зүйн шинэчлэл, төрийн бодлого, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хөгжилд идэвхтэй оролцож ирсэн. Энэ үеэс хамтын ажиллагаа судалгаа, инноваци, тогтвортой хөгжил, дижитал шилжилтийн чиглэлд өргөжин тэлжээ.
Ийнхүү 1926–2026 оны хооронд Монгол–Германы харилцаа дараах гурван үндсэн хэмжээсээр бэхжиж ирсэн байна. Үүнд:
Хүний нөөцийн урт хугацааны хөрөнгө оруулалт
Соёл, үнэт зүйлсийн солилцоо
Институцийн чадавх бэхжүүлэх хамтын ажиллагаа
Герман Улсад боловсрол эзэмшсэн монгол төгсөгчид нь хоёр орны харилцааны амьд гүүр болж, мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүйгээрээ Монгол Улсын хөгжлийн олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.