Хүний эрхийн сургалт
“Хүний эрх ба шударга шүүхийн мэдлэг олгох сургалт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Найман удаагийн сургалтаас бүрдсэн энэхүү хөтөлбөрт хүүхдүүдэд зориулсан дөрвөн сургалт, ажилтнуудад зориулсан гурван сургалт, нэг удаагийн чадавх бэхжүүлэх арга хэмжээ багтсан бөгөөд Сургалт-Хүмүүжлийн Тусгай Байгууллагын орчинд хүний эрхэд суурилсан ойлголт, өсвөр үеийн шударга шүүхийн зарчмын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн боловсрол, төлөвшил, эерэг хандлага, ирээдүйн чиг баримжааг дэмжихийн зэрэгцээ байгууллагын ажилтнуудын арга зүй, харилцааны соёл, эрхэд суурилсан хандлагыг бэхжүүлэх зорилготой байв.
Хөтөлбөрт нийт 34 хөвгүүд болон 25 ажилтан (10 эмэгтэй, 15 эрэгтэй) оролцож, сургалтыг Эрдэнэгэрэл Ганбат, Номин-Эрдэнэ Энхтайван, Даваахүү Батсайхан зэрэг мэргэжлийн сургагч багш нар удирдан явуулаа.
Хүүхдэд зориулсан сургалтаар хүний эрхийн суурь ойлголт ба ач холбогдол, хууль дээдлэх ба хариуцлагатай иргэн байх, сэтгэлзүйн эрүүл мэнд ба шийдвэр гаргалт, өөрийгөө танин мэдэх ба зорилго тодорхойлох зэрэг сэдвийг хэлэлцүүлэг, дүр тоглолт, рефлекси зэрэг оролцоонд суурилсан аргаар хүргэлээ. Харин ажилтнуудад хүүхдийн эрх ба мэргэжлийн ёс зүй, хууль сахиулагчдын стрессийн менежмент, хүүхэдтэй ажиллах үеийн харилцаа, хандлагын талаар сургалт явуулж, сэтгэл зүй, олон улсын хүний эрхийн стандарт, үндэсний хууль эрх зүйд суурилсан хүүхэд-төв хандлагыг онцлон тусгасан нь онцлог байв.
Хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 15-нд жилийн төгсгөлийн “Well-being & Joyful Celebration” нэртэй арга хэмжээ зохион байгуулагдаж, хүүхдүүд болон ажилтнууд урлагийн тоглолт, урамшууллын хөтөлбөр болон идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанд хамтран оролцлоо. Уг арга хэмжээ нь харилцаа, урам зориг, байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулах зорилготой байв. Тус өдөрлөгт Davaidasha, Desant, Babar, The ThunderZ, Maberrant, Mop-G болон дуучин Enji зэрэг уран бүтээлчид оролцож, баярын уур амьсгал бүрдүүлэв.
Сургалтын үр дүнд хүүхдүүд хүний эрх, хувийн аюулгүй байдал, хариуцлагатай шийдвэр гаргалтын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, ажилтнууд хүүхдийн эрхийн стандарт, мэргэжлийн ёс зүй болон стресс зохицуулах арга зүйн талаарх ур чадвараа дээшлүүлсэн нь хүүхэд, ажилтны хоорондын харилцаа, хүндлэл, ойлголцолд эерэгээр нөлөөлж, байгууллагын орчинд эрхэд суурилсан, дэмжлэгтэй, аюулгүй уур амьсгал бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулав.
Хөтөлбөрийн дараа оролцогчид хүүхдүүдэд зориулсан амьдрах ухаан болон сэтгэлзүйн эрүүл мэндийн сургалтыг үргэлжлүүлэх, ажилтнуудад зөрчил намжаах арга зүйн ахисан түвшний сургалт хэрэгтэй, цаашид хүний эрхийн тогтмол сургалтыг байгууллагын түвшинд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн санал, зөвлөмж гаргав. Уг санал, зөвлөмж нь хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх болон өргөжүүлэх хэрэгцээ, боломж байгааг харууллаа.