Print logo
Jump to main navigation Jump to content

Хэлэлцүүлэг
Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент: ололт ба сургамж

2025 оны 11-р сарын 11-нд Архангай аймагт “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент: ололт ба сургамж” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газар дэмжиж, Луужин Амьтан Судлалын Нийгэмлэг ТББ, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Монголын Байгаль хамгаалагчдын холбоо хамтран зохион байгуулсан.

Тус уулзалтад нөхөрлөлүүдийн төлөөлөл, аймгийн Байгаль орчны газар, экологийн цагдаа, прокурорын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Хэлэлцүүлгийн гол агуулга ба үр дүн

Хэлэлцүүлгийн үеэр Хойд Могойн голын Тээлийн болон Бөхөн шарын нурууны ОНТХГ-ын менежментийн туршлага, ололт, тулгамдсан асуудлыг танилцуулахаас гадна нутгийн малчдын оролцоо, байгаль хамгаалагчдын чадавх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахтай холбоотой асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэв.

 

Хэлэлцүүлгийн үр дүнд дараах нийтлэг ойлголтод хүрсэн нь чухал байв

  • ОНТХГ-ын хамгааллыг олон улсын болон дотоодын төсөл байхгүй нөхцөлд ч тогтвортой авч явах гарц, шийдлийг илүү нарийвчлан боловсруулах шаардлага бий болсон.
  • Нөхөрлөл, малчдын оролцоог бэхжүүлэх нь хамгаалалтын үр нөлөөг нэмэгдүүлэх гол хүчин зүйл гэдэг дээр талууд санал нэгэв.
  • Байгаль хамгаалагчдын чадавх, хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь хууль бус үйл ажиллагааг бууруулах бодит боломжтойг онцоллоо.

Цаашдын хамтын ажиллагааны чиглэл

Оролцогчид ОНТХГ-ын менежментийн тогтвортой байдлыг хангах, олон талын оролцоог тогтмол дэмжих, хамгаалалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв. Үүний дагуу талууд цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохирлоо.