Print logo
Jump to main navigation Jump to content

Зөвлөгөөн
Орон нутгийн захиргаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилгаар, Ханнс Зайделын сангийн дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Тэгш нийгэм” ТББ болон Италийн АИФО ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болж байгааг онцлоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа парламентад төлөөлөлтэй болсон нь эрх тэгш байдлыг хангах чухал алхам боллоо” хэмээн дурдлаа.

Зөвлөгөөнд төрийн болон орон нутгийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын зочид оролцсоноор асуудлыг олон өнцгөөс, цогц байдлаар хэлэлцэх боломж бүрдсэн юм.

ХБНГУ-ын Касселийн их сургуулийн профессор, доктор Феликс Велти “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын үүрэг: ХБНГУ-ын туршлага ба үр дүн” сэдвээр, мөн Ханнс Зайделын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк “Хамруулах үзэл баримтлал, холбооны тогтолцоо болон хүний эрх: ХБНГУ-ын туршлага ба орон нутгийн засаглалын үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавьсан нь Германы туршлагыг танилцуулж, харьцуулалт хийхэд дөхөм боллоо.

Мөн зөвлөгөөнд дараах сэдвүүдийн хүрээнд нийт 17 илтгэл тавигдсан бөгөөд оролцогчид илтгэлүүдийн дараа асуулт асууж, санал солилцсон юм. Үүнд:

“Олон улсын гэрээ, конвенц”

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Хүний эрхийн үндэсний байгууллагын дүгнэлт”

“Дэлхийн хөгжлийн бэрхшээлийн чуулган – Амман-Берлиний тунхаглал 2025”

“Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 жил: Жакарта тунхаглал 2023–2032”

“Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн ажил – Финлянд улсын туршлага”

“Төрийн бодлого, үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд суурилсан загварыг хамруулах нь” зэрэг болно.