Print logo
Jump to main navigation Jump to content

Эрдэм шинжилгээний хурал
“ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын Хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс санаачлан “ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн профессор, доктор Эрик Хилгендорф ХБНГУ-ын хууль зүйн салбар дахь цахимжилт сэдвээр илтгэл ирүүлсэн бөгөөд, эрүүл мэндийн шалтгааны улмаас тус илтгэлийг Ханнс Зайделын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк илтгэж, оролцогчдод хүргэлээ.

Тус хурлыг нээж ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал М.Эрдэнэбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хан Ён Сү нар үг хэлэв. 

Уг хуралд:

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, Хиймэл оюуны хэрэглээ ба үндэсний эрх зүйн тогтолцоо сэдвээр, 

МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн, шүүгч Г.Даваадорж, Хууль зүйн салбар дахь хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэлт сэдвээр,

БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны Хууль тогтоомжийн хамтын ажиллагааны газрын захирал Пак Суни, БНСУ-ын Хиймэл оюуны тухай хуулийн үзэл баримтлал, онцлог сэдвээр, 

ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал М.Эрдэнэбаяр, УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж, Дотоод хэргийн их сургуулийн докторант З.Сансарзолбоо нар, Гэмт хэргийн статистикийн олон улсын ангиллын дагуу Монгол улсын гэмт хэргийн статистикийг гаргахад мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах нь сэдвээр,  

Сингапур улсын Хэвлэл мэдээлэл, хөгжлийн газрын Хиймэл оюун, аюулгүй байдлын ахлах менежер Даршини Рамиа, Сингапурын засаглал дахь хиймэл оюуны хандлага сэдвээр тус тус хэлэлцүүлж, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Амарсанаа чиглүүлэгчээр оролцлоо.

Мөн Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн Б.Энхболд, БНСУ-ын Төрийн өмчит хууль зүйн судалгааны хүрээлэнгийн Инноваци, санхүү, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Пак Сэ Хүнь, Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн Ж.Болдбаатар нар тус сэдвийн хүрээнд Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй асуудлуудыг талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, хэлэлцүүлэгчээр оролцсон юм.

Хурлыг хааж Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс үг хэлсэн бөгөөд тэрбээр энэхүү хуралд оролцогчдоос гаргасан санал, шүүмжийг нэгтгэн холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх болно гэдгийг хэлсэн.