Print logo
Jump to main navigation Jump to content

Чуулга уулзалт
Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь.

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан 2024.11.19-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

 Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгох “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцолсон юм.

Мөн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк чуулга уулзалтын эхэнд Монгол, Германы ард түмнүүд ардчилал, үнэт зүйлээрээ нэгдмэл байдгийг онцлон дурдаж, Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учир парламентын хяналт нь ард түмний хяналтыг хэрэгжүүлэх тухай асуудал юм гэлээ. Иймд парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх талаар хоёр тал хамтран ажиллаж, тус тусын ардчиллыг улам бэхжүүлэхийг уриалав.

Чуулга уулзалт “Парламентын хяналтын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжилсэн юм. “Парламентын хяналтын тогтолцоо” сэдвийн хүрээнд хоёр панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар тавив.

Парламентын хяналтын тогтолцооны талаарх дараагийн хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тавилаа.

Дараагийн хэлэлцүүлгээр парламентын хяналтын дэлхийн жишиг болон чиг хандлагын талаар ярилцав. Энэ хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг МУИС-ийн хүндэт доктор, профессор Ян Зиков, ХБНГУ-ын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч Фредерике Витте нар Бундестагийн жишээгээр олон нийтийн хяналт болон парламентын хяналтыг сайжруулах, бэхжүүлэх боломж, шийдлийг талаар тавив.

Чуулга уулзалтын үндсэн илтгэлүүдийн дараа сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчид асуулт асууж, хариулт авснаар арга хэмжээ үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөлөө.