Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Хүрээлэн буй орчны чиглэлээр эрх зүйн хөтөч бэлтгэх анхны сургалт боллоо.

Байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэргийг илрүүлэхэд иргэдийн оролцоо зайлшгүй чухал. Тиймээс Монгол улсын хэмжээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд гол ач холбогдол бүхий эрх зүйн хөтөч, байгаль орны шинжээч, байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалтын хэрэгцээ шаардлага их байна.

 

Бүх нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ханнс-Зайделийн сан нь Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Байгаль орчны эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтөч чадавхжуулах сургалтын хөтөлбөр болон гарын авлага боловсруулсан билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны сургалтаар Сэлэнгэ аймгийн эрх зүйн хөтөч, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, хийгээд экологийн цагдаагийн албан хаагч нарыг чадавхжуулах 2 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад сэлэнгэ аймгийн 50 эрх зүйн хөтөч, 70 гаруй байгаль хамгаалагч, шинжээч, экологийн цагдаагийн албан хаагчид оролцлоо.

Уг арга хэмжээнд ХБНГУ-н Ханнс-Зайделийн сангийн Төв, Зүүн Хойд Азийн төсөл хариуцсан салбарын дарга хадагтай Дебора Тидекс Жоу, ХЗС-н Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк нар оролцож үг хэллээ.

Сургалтыг Хууль зүйн ухааны Доктор /PhD/ проф. Э.Батбаяр, Хууль зүйн ухааны Доктор /PhD/, дэд проф. А.Алтанзул болон Ахлах багш С.Ганцэцэг нар  дараах сэдвийн хүрэээнд онол, дадлага хослуулан удирдан явууллаа.Үүнд:

  • Байгаль орчны олон улсын гэрээ, конвенц: Хүний эрхийн хамгаалалт
  • Монгол улсын байгаль орчны хууль тогтоомж: Иргэний оролцоог дэмжих нь
  • Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын үүрэг
  • Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нэхэмжлэл: Хүрээлэн буй орчин
  • Байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг барагдуулах
  • Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулах: Гэрээ, дүрэм, журмын талаар

Дээрх сургалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Ханнс-Зайделийн сан болон Хууль зүйн үндэсний хүрээлэнд Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон оролцогсод талархал илэрхийллээ.

Аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалт

 

Тус өдөр хадагтай Дебора Тидекс Жоу Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь үйл ажиллагаатай танилцах айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Сайнцог, Аймгийн ИТХ-н нарын бичгийн дарга Оюунболд, Аймгийн БОАЖГазрын дарга Түвшинтөгс болон бусад төлөөлөгчидтэй уулзан, өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд аймаг, сумдын ИТХ-н гишүүд, захиргааны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулахад ТГ-н зүгээс дэмжих болсон бөгөөд байгаль орчны эрх зүйн чиглэлд Сэлэнгэ аймгийн хэмжээнд хамтран ажиллах боломжтойг талууд дурдаж байлаа.