Print logo
Jump to main navigation Jump to content

UNFCCC COP30
Бразил улсын Белем хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын COP30 бага хуралд Монголын залуу дуу хоолой оролцлоо

НҮБ-ын Уур амьсгалын COP30 бага хурал 2025 онд Бразил улсын Белем хотод зохион байгуулагдаж, дэлхийн улс орнуудын засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүдийг нэг дор цуглууллаа. Тус хурлын хүрээнд Дасан зохицох дэлхийн зорилт (Global Goal on Adaptation – GGA), уур амьсгалын санхүүжилт, хохирол ба алдагдал, мөн уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн шударга шилжилтийн асуудлуудыг хэлэлцсэн юм.

Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсаас А. Дэлгэр тус хуралд залуу төлөөлөгчөөр оролцлоо. Тэрээр мөн Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл (NEYC)-ийн “Policy Empowerment Program” сургалтын шилдэг оролцогчдын нэг юм. COP30-д оролцсон нь түүнд олон улсын уур амьсгалын хэлэлцээрүүдийг ойроос ажиглах, мөн дэлхийн түвшний шийдвэр гаргах үйл явцад залуучуудын оролцооны ач холбогдлыг гүнзгий ойлгох үнэт боломжийг олгосон.
COP30 нь ялангуяа GGA-тай холбоотой асуудлаар эрчимтэй, зарим талаар маргаантай хэлэлцүүлгүүдээр онцлог байлаа. Улс орнууд дасан зохицох үзүүлэлтүүд, санхүүжилтийн механизм, үндэсний бүрэн эрхийн асуудлаар харилцан адилгүй байр суурь илэрхийлсэн ч эцэст нь холбогдох шийдвэрийг баталсан юм. Мөн хурлын даргалагч талаас нүүрснээс татгалзах шударга шилжилт болон ой устгалтыг 2030 он гэхэд зогсоох, эргүүлэн сэргээх зорилготой хоёр шинэ замын зураглалыг танилцууллаа.
Хурлын төгсгөлд Монголын төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлын хүний хэмжээсийг онцлон тэмдэглэсэн юм. Мөсөн голын хайлалт, цөлжилт, ган гачиг, цаг уурын эрс тэс үзэгдлүүд нь бодит амьдралд, ялангуяа хүүхэд, залуучуудын амьдралд шууд нөлөөлж буй сорилтууд болохыг онцлон дурдсан нь дасан зохицох бодлого нь зөвхөн техникийн бус, нийгмийн хувьд шударга байх ёстойг илтгэв.
COP30-д оролцсон нь А. Дэлгэрийн мэргэжлийн мэдлэг, олон улсын уур амьсгалын үйл явцын талаарх ойлголт, бодлогын дүн шинжилгээ хийх чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүллээ. Үүнтэй зэрэгцэн энэхүү оролцоо нь ирэх жил Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д бэлтгэх чухал алхам боллоо.
Залуу манлайлагчдыг зорилтот байдлаар дэмжих замаар Ханнс-Зайделийн сан нь залуучуудын оролцоог бэхжүүлэх, ирээдүйн үеийг дэлхийн байгаль орчин, уур амьсгалын бодлогын сорилтуудтай нүүр тулахад бэлтгэхэд бодитой, тогтвортой хувь нэмэр оруулж байна.