Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулахтай холбогдуулан залуучуудын бодлогын оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн юм.
Энэхүү хөтөлбөр нь 2025 оны эхээр хэрэгжсэн “Policy Empowerment” хөтөлбөр болон “Policy Hackathon”-ий үргэлжлэл, салшгүй нэгэн хэсэг бөгөөд залуусын бодлогын оролцоог дэмжих цогц санаачилгын дараагийн шат болж хэрэгжсэнээрээ онцлог байлаа.
2 сарын хугацаанд үргэлжилсэн хөтөлбөрийн хүрээнд 50 орчим залуу:
• Рио де Жанейрогийн гурван конвенц болох UNCCD, UNFCCC, CBD-ийн уялдаа холбоо
• Цөлжилт, газрын доройтлын дэлхий дахин болон Монгол Улс дахь нөхцөл байдал
• UNCCD-ийн бүтэц, зорилго, бодлого, олон улсын хамтын ажиллагаа
• Бодлого боловсруулах, хэлэлцээр хийх, олон талт дипломат оролцооны ур чадвар зэрэг сэдвүүдээр цогц мэдлэг, практик чадвар эзэмшлээ.
Хөтөлбөрийн онцлох хэсэг нь 2025 оны 11 дүгээр сарын 29–30-нд зохион байгуулагдсан
“Хэлэлцээрийн ур чадвар ба зөрчил шийдвэрлэх орчин үеийн арга зүй” сэдэвт хоёр өдрийн гүнзгийрүүлсэн сургалт байв. Тус сургалтыг олон улсын энх тайван, зөрчил шийдвэрлэлтийн салбарт 30 гаруй жилийн туршлагатай, нэр хүндтэй судлаач, зуучлагч Roland B. Wilson удирдан явуулж, оролцогчдыг бодит нөхцөлд суурилсан олон талт хэлэлцээрийн ур чадвараар чадавхжууллаа.
Хөтөлбөрийн үр дүнд залуус олон улсын бодлогын хэлэлцээнд бодитой оролцох мэдлэг, ур чадвар эзэмшиж, 2026 онд зохион байгуулагдах UNCCD COP17-ийн бэлтгэл ажилд хувь нэмэр оруулах чадамжтай боллоо.
Цаашид UNCCD Young Ambassadors хөтөлбөрийн төгсөгчид 2026 онд ерөнхий боловсролын сургуулиудад сургалт, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулж, цөлжилт, газрын доройтол, тогтвортой хөгжлийн талаар мэдлэг түгээхээр төлөвлөж байна.