Print logo
Jump to main navigation Jump to content

Уулзалт
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС ХАМГААЛАХ НЬ: ХӨВГҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өсвөр үеийнхэнд хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Ханнс Зайделийн Сан болон Нийслэлийн Хөвгүүдийн зөвлөл хамтран гишүүн сурагчид, ментор багш нартай уулзалт зохион байгууллаа.

 

Уулзалт “Өсвөр үеийнхнийг гэмт хэргээс хамгаалах нь: Эрсдэлт хүчин зүйл ба урьдчилан сэргийлэлт” сэдвийн хүрээнд болж, өсвөр насныхан гэмт хэргийн эрсдэлд хэрхэн өртөж болох, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд өөрөө ямар үүрэг, оролцоотой байж болох талаар ярилцав.

Үүний дараа Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Тунгалагмаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өсвөр үеийн оролцоо” сэдвээр мэдээлэл хүргэж, өсвөр үеийнхэн өөрсдийн болон үе тэнгийнхнийхээ аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлтэй нөхцөл байдлыг таньж мэдэх, зөв сонголт хийх, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагаас тусламж дэмжлэг авахын ач холбогдлыг онцоллоо.

Уулзалтын онцлох хэсгийн нэг нь ХБНГУ-ын Холбооны Нийгмийн хамгааллын шүүхийн шүүгч Др. Андреа Биндиг болон ХБНГУ-ын Мюнхен хот дахь Мужийн Дээд шүүхийн Иргэний хэргийн 2 дугаар танхимын шүүгч, гэр бүлийн хэргийн шүүгч Штефани Менер нарын оролцсон панель хэлэлцүүлэг байв. Тэд шүүхийн практик, хүүхэд болон гэр бүлийн эрхийг хамгаалах асуудлаарх туршлагаасаа хуваалцаж, өсвөр үеийнхний асуултад хариуллаа.

Хөвгүүдийн зөвлөлийн гишүүн сурагчид хэлэлцүүлгийн үеэр хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхний дарамт шахалт, эрсдэлт орчин, гэр бүл болон сургуулийн орчин дахь дэмжлэг, эрхээ мэдэхийн ач холбогдол зэрэг асуудлаар сонирхсон асуултаа тавьж, өөрсдийн байр суурь, туршлагаа хуваалцсан юм.

Уулзалтын төгсгөлд Хөвгүүдийн зөвлөлийн гишүүн сурагчидтай нээлттэй ярилцлага өрнүүлж, тэдний сонирхол, хэрэгцээ, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны талаар санал солилцов.

Энэхүү уулзалт нь өсвөр үеийнхнийг гэмт хэргийн эрсдэлээс хамгаалахад зөвхөн хууль сахиулах байгууллагын бус, хүүхэд, гэр бүл, сургууль, мэргэжлийн байгууллага болон нийгмийн хамтын оролцоо чухал болохыг онцолсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.