Үндэсний форум
Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо
Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт Үндэсний форум энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Дундговь аймагт боллоо.
Залуусын дуу хоолойг онцлов
Форумын нээлтийн үеэр COP17 бага хурлын бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэгт элчин сайд Н.Чимгүүндарь ирэх жил болох том арга хэмжээнд Монгол залуусын оролцоог нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, газар нутгийн цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөг онцлон тэмдэглэж, говийн бүсийн онцлогт тохирсон шийдэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг дурдав.
Оролцоо, мэдлэг туршлага солилцсон нь
Форумд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон холбогдох яамд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн 120 орчим залуусын төлөөлөл оролцлоо.
Түүнчлэн Яап ван Хиерден хэлсэн үгэндээ, “Монголчууд газар нутаг, бэлчээр усаа хамгаалах олон зууны арвин их туршлагатай Монголчуудын нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг тээж ирсэн. Ирэх жил болох COP17 бага хурал нь Монгол Улс энэхүү арвин туршлага, уламжлалдаа түшиглэн газраа нөхөн сэргээх, байгалиа хамгаалах сайн туршлага, ухаанаа дэлхийн дахинд танилцуулах таатай боломжийг нээж байна” хэмээн онцлов.
Форумд ШУА-н Газарзүй, геоэкологийн хүрээлэн, цөлжилтийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Др. А.Хауленбек илтгэлдээ:
“Цөлжилттэй тэмцэх аливаа арга хэмжээ нь тухайн бүс нутгийн байгаль, уур амьсгалын онцлогт бүрэн нийцсэн, шинжлэх ухаанд суурилсан шийдэл байх шаардлагатай”-г онцолсон.
Форумын хүрээнд залуу малчид, шинжлэх ухааны салбарын төлөөлөл, байгаль орчны манлайлагчдыг нэгтгэн, оролцогчдод улс сэлгэн бэлчээрлэх, газрын менежмент, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх сайн туршлага, хөрсний чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэлэг санаачилгуудыг хэлэлцэн, оролцогчдод газрын доройтлыг бууруулах, бэлчээр хамгааллын зохистой шийдэл, арга туршлагаа солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлсэн юм.
Өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөв
Форумын төгсгөлд НҮБ-ын Нийгэмлэг дэмжин, хамтран зохион байгуулсан бөгөөд нийгэмлэгийн ЕНБД Л.Баярдэлгэр болон Хамтран үүсгэн байгуулагч Э.Хишигжаргал нар болон хамтран зохион байгуулагч залуус оролцогч залуусын дунд явуулсан “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо - Бидний амлалт” тунхгийг ахлан боловсруулж, оролцогчдод танилцуулав. Мөн тунхагийг COP17 Бэлтгэл ажлын албанд уламжилснаар ногоон, тогтвортой ирээдүйн төлөөх залуусын дуу хоолойг нэгтгэлээ.
Шагнал гардуулах ёслол
Форумын хүрээнд залуучууд Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо сэдвийн хүрээнд шилдэг санал санаачилгын уралдаанд оролцож, шалгарсан бүтээлийн эзэд тодорч, газрын доройтлыг бууруулах шинэлэг, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдээ танилцуулсан юм.
Ханнс-Зайделийн сангийн оролцоо
Байгаль орчны шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог дээшлүүлэх нь Ханнс Зайделийн сангийн хэрэгжүүлдэг үйл ажиллаганы нэгэн чухал чиг үүрэг билээ. Тус сан нь 2023 оноос хойш НҮБ-ийн Нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил Байгаль орчны үндэсний залуучуудын зөвлөлийн залуу гишүүдийг байгаль орчин, хууль эрх зүйн чиглэлээр сурган тэдний ур чадварыг бэхжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх зорилго бүхий Policy Empowerment program хөтөлбөрийг дэмжин ажилласан билээ.
Хөтөлбөрийн хүрээнд залуус ЕБС-ийн сурагчидтай мэдлэгээ хуваалцаж, сурагчдаас санал авч, байгаль орчинд ээлтэй хууль тогтоомжийн талаар тодорхой зөвлөмж боловсруулан, хуулийн төсөл боловсруулагчдад хүргүүлсэн билээ.
Цөлжилтийн эсрэг тогтвортой арга хэмжээ авахад түлхэц өгөх, тэдний дуу хоолойг улам бэхжүүлэхийн тулд Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчид чуулга уулзалтад оролцов. Ингэснээр COP17-ийн хүрээнд залуусын оролцооны хөтөлбөрийн үр нөлөө болон ногоон ирээдүйн төлөөх үйл хэрэгт залуучуудыг дэмжих чиглэлийг олж харах боломж тохиосон билээ.
Ногоон ирээдүйн төлөө хамтдаа
Форумын 2 дахь өдөр нийт оролцогчид цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Мандалговь хотын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, газрын доройтлыг бууруулах, говийн бүсийг ногооруулах, хамтын амлалтаа илэрхийлэв.