COY20
Залуучуудын Уур Амьсгалын Бага хурал, Белем, Бразил
COY20-ийн гол зорилго нь НҮБ-ын Уур Амьсгалын Суурь Конвенц (UNFCCC)-ийн үйл явцад залуучуудын идэвхтэй оролцоог дэмжихэд оршино. Залуучуудын дэвшүүлсэн санаа, шаардлагууд нь “Дэлхийн Залуучуудын Мэдэгдэл” хэмээх улс төрийн баримт бичигт тусгагдаж, дэлхийн хэмжээнд залуусын нийтлэг байр суурийг илэрхийлэн олон улсын уур амьсгалын бодлогод шууд нөлөөлдөг.
Ханнс Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл (NEYC) -ийн “Policy Empowerment Program”-ын шилдэг оролцогч А. Дэлгэр энэ жилийн хурлуудад оролцох боломжтой болсон. Тэрээр Монголын залуучуудын дуу хоолойг төлөөлж, туршлагаа хуваалцан, дэлхийн уур амьсгалын дипломат ажиллагаанд залуучуудын үүргийг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах юм. Шинэ гарч буй манлайлагч залуусыг дэмжих нь сангийн бүс нутгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм.
COY20-ийн нэг онцлох мөч нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн видео мэндчилгээ байлаа. Тэрээр уур амьсгалын нөлөөнд хамгийн их өртсөн орнууд болон залуучуудын зориг, манлайллыг онцлон, “Залууч та нар байгаагүй бол энэ бүхнийг хийх боломжгүй” хэмээн тодотгов. Залуучуудыг зөвхөн бага хурлын үеэр төдийгүй түүнээс цааш ч хэлэлцээр болон олон нийтийн идэвхжилд үргэлжлүүлэн оролцохыг уриалсан.
Хурал UNFCCC-ийн хэлэлцээний үйл явцын талаарх чадавх бэхжүүлэх олон сургалт зохион байгуулсан бөгөөд эдгээр нь залуучуудад олон улсын уур амьсгалын засаглалд үр дүнтэй оролцох ур чадвар олголоо. Хамтын ажиллагааны уур амьсгал маш тодорхой байсан бөгөөд жишээ нь Гамбийн Байгаль Орчны Холбоо нь улсын хэмжээнд олон байгууллагыг нэгтгэж, ойн нөхөн сэргээлт, далайн эргийн цэвэрлэгээ, биологийн олон янз байдлын хамгаалал зэрэг амжилттай үйл ажиллагаа хэрэгжүүлжээ. Холбооны гишүүн Хаддижитау Сиссе COP30-ийн Нээлтийн Чуулганд дэлхийн залуучуудын өмнөөс үг хэлсэн нь бас нэгэн чухал үйл явдал байв.
Хаалтын ажиллагааны үеэр COP30-ийн Гүйцэтгэх захирал Ана Тони дараагийн алхам бол бодит үйлдэл байх ёстойг онцлон тэмдэглэж, COP30 нь “үнэний COP” болон “хэрэгжилтийн COP” байх шаардлагатай—шинжлэх ухааны баримтуудтай нүүр туулж, бодит шийдлүүдийг санал болгох ёстой гэв.
COY20-ийн үеэр тодорхойлсон гол тэргүүлэх чиглэлүүд:
- Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх: Геополитикийн түвшинд өрнөж буй хурцадмал байдлыг үл харгалзан дэлхийн хамтын ажиллагааг хэвээр хадгалах шаардлагатай.
- Бодлогыг хүмүүст ойртуулах: Уур амьсгалын стратеги бодит амьдралд нөлөөлж, өртөмтгий нийгэмлэгүүдэд шууд үр өгөөжтэй байх ёстой.
- Шийдлүүдийг өргөжүүлэх: Одоогийн Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрүүд (NDCs) дэлхийн дулаарлыг 2.5°C хүрэх төлөвтэй хэвээр—илүү зоримог амлалт нэн шаардлагатай.
- Залуучуудын идэвхитэй байдал: Залуучууд төлөөлөгчидтэй тогтмол харилцаж, нөхцөл байдал яаралтай байдалд хүрч байгааг өдөр бүр сануулж байх ёстой: “Бидэнд цаг бага үлдсэн.”
Хамгийн чухал үйл явдал: Дэлхийн Залуучуудын Мэдэгдэл
Энэ мэдэгдэлд таван үндсэн шаардлага багтжээ:
- Дулаарлыг 1.5°C-аас хэтрүүлэхгүй байх зорилттой, тодорхой бөгөөд үр ашигтай NDCs батлах; мөн шатах ашигт малтмалыг шударга, түргэн, тэгш зарчмаар үе шаттайгаар зогсоох.
- Уур амьсгалын засаглалын хууль эрх зүй, ёс зүйн үндэс болгон үе хоорондын тэгш байдлыг институцчилэх.
- Зөрчил мөргөлдөөнүүд уур амьсгалын нөлөөг улам хүндрүүлдэг тул, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахын тулд дэлхийн хэмжээний гал зогсоох үйл ажиллагааг шаардсан.
- Уугуул иргэд, орон нутгийн иргэд болон эмзэг бүлгүүдэд хүртээмжтэй, тэгш, ил тод уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх.
- Дасан зохицох байдлыг мөн адил тэргүүлэх чиглэлд тооцож, шаардлагатай санхүүжилт, технологи дамжуулалт, чадавх бэхжүүлэлтээр хангах.
COY20 нь дахин нэг удаа олон улсын уур амьсгалын хэлэлцээний талбарт залуучуудын дуу хоолой улам бүр үнэлэгдэж буйг харууллаа. Тэдний оролцоо, идэвх, тодорхой төлөвлөгөө нь амлалтаас бодит хэрэгжилт рүү шилжих үйл явцыг хурдасгаж байгаа бөгөөд энэ үйлсэд Ханнс Зайделийн Сан идэвхтэй дэмжлэг үзүүлж байна.