Print logo
Jump to main navigation Jump to content

UNCCD COP16 Залуучуудын хурлын талаар
Залуу төлөөлөгч Г.Эрчиссаран UNCCD COP16 залуучуудын форумын тухай сэтгэгдлээ хуваалцлаа.

Саудын Арабын Рияад хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 16 дугаар бага хурал энэ оны 12 дугаар сарын 02-13-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус хурлаар цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлийн олон улсын санаачлагуудад 12 тэрбум гаруй долларын санхүүжилт олгохоор боллоо. НҮБ-ийн залуу төлөөлөгч Г.Эрчиссаран хуралд оролцсон туршлагаасаа хуваалцлаа.

UNCCD COP 16 буюу НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16-р бага хуралд залуучуудын төлөөллөөр оролцох нь миний хувьд маш олон шинэ санаа, сорилт, боломжуудыг олж харахад хүргэсэн гайхалтай туршлага байлаа. Цөлжилт, газрын доройтол ихтэй манай Монгол Улсын хувьд газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг санхүүгийн инновацтай хослуулах том боломж байгааг ойлгож харлаа. Мөн манай улсын хувьд зөвхөн мод тарих бус хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг сайжруулах, ХАА-даа шинэлэг ч энгийн технологи нэвтрүүлж бүтээмжийг өсгөх зэрэг олон талт боломжийг ашиглан, хурдан өсөн нэмэгдэж буй нүүрстөрөгчийн зах зээлээс ашиг хүртэх томоохон боломжтойг мөн олж харлаа. 

 

Мөн тус хурлын үеэр хэлэлцэгдсэн нэг гол асуудал бол санхүүгийн эх үүсвэр байгаа хэдий ч хэрэгжүүлж болохуйц, чанартай төсөл дутмаг байгаа явдал байлаа. Олон илтгэгчид хөрөнгө мөнгө байгаа ч инновацлаг санаануудыг бодит үйл ажиллагаа болгон хувиргах нь томоохон сорилт гэдгийг онцлоод зогсохгүй энэ асуудлын шийдэл нь шинэлэг технологийг практик хэрэгжилтэд буулгах залуучууд гэдгийг дахин дахин хэлж байлаа. Тиймээс ч залуучуудад хандан нөхөн сэргээлтийн эдийн засагт хөл тавьж, гарааны бизнесүүдийг бий болгох, энэ салбартинновац бүтээхийг уриаллаа. 

 

Хөрсний мониторинг хийх IoT-ээс эхлээд ургацыг нэмэгдүүлэхэд далайн замаг ашиглах гэх мэт олон талын инновацууд бидний өмнө нээлттэй байна. Мөн нөхөн сэргээлтийн салбарт одоогоор 25,000 гаруй ажлын байр байгаа бөгөөд энэ нь цаашдаа өсөх хандлагатай байна.

 

Энэхүү гайхалтай боломжийг олгосон Ханнс Зайделийн Сан болон Монголын НҮБ-н Нийгэмлэгийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Залуучуудын манлайлал, байгаль орчны үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, бидний дуу хоолойг дэлхийн индэрт хүргэхэд тусалсанд баярлалаа.

Уг хурлаас би цөлжилт, хөрсний доройтлын талаар гүнзгий ойлголттой болсноос гадна уг глобал асуудлыг шийдэхэд залуучуудын оролцоо зайлшгүй хэрэгтэйг тодорхой ойлгож авлаа.