Print logo
Jump to main navigation Jump to content

Судалгаа
Залуусын уур амьсгалын бодлогод оролцох оролцоо

Ханнс-Зайделийн сангийн 2025 оны үндэсний тэтгэлэг хүртэгч Лхагвадоржийн Баярдэлгэр “Залуусыг байгаль орчны бодлогод оролцуулах нь: Герман ба Монгол дахь залуусын уур амьсгалын хөдөлгөөний харьцуулсан судалгаа” сэдвээр судалгаа хийж, үр дүнгээ тайлан хэлбэрээр боловсрууллаа.

Тэрээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орны тоонд багтаж, газар нутгийн ихээхэн хэсэг цөлжилтөд нэрвэгдэж буй нөхцөлд хүүхэд, залуусын эрх ашиг болон дуу хоолой бодлого тодорхойлох түвшинд хэрхэн тусч байгаа, мөн залуусын оролцоог нэмэгдүүлэх боломж, гарцуудыг олон улсын туршлагатай харьцуулан авч үзсэн байна. Судалгаанд Монгол дахь залуусын уур амьсгалын санаачилгууд харьцангуй “төслийн шинжтэй”, байгууллагын тогтвортой бүтэц, тасралтгүй үйл ажиллагаа, бодлогод нөлөөлөх албан сувгууд дутмаг байгаа асуудлыг онцолсон.

 

Судалгааны хүрээнд Герман, Их Британийн залуусын уур амьсгалын хөдөлгөөнүүдийн зохион байгуулалт, оролцооны хэлбэр, бодлогод нөлөөлөх арга барилыг харьцуулж, Монголд шинээр байгуулагдаж буй Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл (NEYC) зэрэг платформуудыг хэрхэн илүү тогтвортой, үр нөлөөтэй хөгжүүлэх тухай ерөнхий зөвлөмжүүдийг дэвшүүлжээ. Тухайлбал, орон нутагт салбар/бүлэг байгуулж сүлжээ хэлбэрээр тэлэх, залуусын манлайллын тогтолцоог тасралтгүй хөгжүүлэх, боловсрол–сургалт, олон нийтийн нөлөөлөл, бодлогын хэлэлцүүлэгт оролцох сувгийг зэрэгцүүлэн бэхжүүлэх шаардлагатайг дурдсан байна.
Л.Баярдэлгэр нь одоогоор Их Британийн Засгийн газрын тэтгэлэгт шалгарч, University of East Anglia (UEA)-д Global Development Management чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байна.
Ханнс Зайделийн сан нь үндэсний тэтгэлгийн хөтөлбөрөөр дамжуулан залуу судлаач, мэргэжилтнүүдийн бодлого, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах судалгаа, санаачилгыг дэмжин ажилладаг.