Print logo
Jump to main navigation Jump to content

Семинар
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэчлэлийн олон улсын семинар

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Европын зөвлөлийн дэргэдэх Венецийн комисс хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэтгэл” сэдэвт олон улсын семинарыг 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

Тус арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төсөл, Ханнс-Зайделийн сан болон Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан болно.

Семинарын нээлтийн үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга хэлсэн үгэндээ, “Хуулийн төслүүдийг боловсруулах явцад Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндэсний онцлогт тулгуурлан олон улсын шилдэг туршлага, дотоод болон гадаадын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг харгалзан үзсэн. Мөн сүүлийн жилүүдэд шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжсэн шинэтгэлтэй уялдуулахыг зорьсон. Уг хуулийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь ардчилсан, эрх зүйт төртэй улс орнуудын Үндсэн хуулийн шүүхийн жишигт нийцсэн, хараат бус байдлаа ханган бэхжүүлсэн, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрх зүйн баталгааг бүрдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн Венецийн комисстой хамтран ажиллаж буй нь Үндсэн хуулийн эрх зүйн онол, практикийг хөгжүүлэх, тэр дундаа Үндсэн хуулийн процессын шинжлэх ухаанч ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Уг семинарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс гадна хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын төлөөлөгчид, хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэмтэн, судлаачид, өмгөөлөгчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцлоо.