Номын нээлт
Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага
Тус гарын авлага нь байгаль хамгаалагчдын эрх зүйн мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд идэвхтэн байгаль хамгаалагч болон улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдын эрх, үүрэг, хамтын ажиллагааны чиг үүргийг ойлгомжтой, практикт суурилсан байдлаар тайлбарласнаараа онцлог юм. Мөн зөрчил илрүүлэх, баримтжуулах, шаардлага тавих, хяналт шалгалт хийхтэй холбоотой заавар, тайлбар, загваруудыг комик зураг, жишээтэй хослуулан багтаасан байна.
Гарын авлагыг эрх зүйч Т. Цэрэн боловсруулж, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон Ханнс Зайделийн сан хамтран хэвлүүлжээ. Нээлтийн үеэр улсын байцаагч, байгаль хамгаалагч болон идэвхтэн байгаль хамгаалагчдад гарын авлагыг гардуулан өглөө.
Мөн арга хэмжээний үеэр гарын авлагын зохиогч, хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл байгаль хамгаалагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, цаашид байгаль орчны эрх зүй, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Тус гарын авлага нь байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажилд шаардлагатай хууль эрх зүйн ойлголт, практик ур чадвар, аюулгүй ажиллагааны мэдлэгийг сайжруулахад чиглэсэн бөгөөд байгаль хамгаалагчдын бодит хэрэгцээнд нийцсэн практик хэрэглэгдэхүүн болж байгаагаараа ач холбогдолтой юм.