Print logo
Jump to main navigation Jump to content

Өдөрлөг
„Greeneration“: Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилгын талаарх Залуусын дуу хоолой

Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад залуусын оролцоо чухал бөгөөд тэд бүтээлч санаачилга, орон нутаг дахь бодит үйлдлээрээ дамжуулан тогтвортой ирээдүйг бий болгоход ихээхэн хувь нэмэр болж чадна.

Үндэсний залуучуудын өдрийг тохиолдуулан Байгаль орчны залуучуудын зөвлөл  (NEYC) „Greeneration“ өдөрлөгийг Улаанбаатар (RIO) паркад  #Act Local #Think Global уриатайгаар амжилттай зохион байгууллаа.

 

Өдөрлөгийн хүрээнд залуус уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдлэг туршлагаа оролцоонд суурилсан аргаар олон нийтэд түгээв. Тухайлбал, аргал, жинсэн өмдний хаягдлаар цаас хийх арга, гэрийн нөхцөлд компост бэлтгэх ажлыг бүх насны сонирхогчид өөрсдөө туршиж, суралцлаа. 

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах зорилгоор орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй шийдэл, туршлага, санаачилгыг сонирхолтой илтгэлүүдээр дамжуулан олон нийтэд хүргэв. Илтгэлүүд хэрэглэгчийн нарны толины системийг хөрөнгө оруулалт болгохоос эхлээд тойрог эдийн засаг дахь залуучуудын оролцоо, цэвэр агаарын бодлогод хяналт тавьж ажилласан хийгээд хонины ноосоор агаар шүүгч бүтээсэн бодит туршлагуудыг харууллаа. 

 

Ханнс-Зайделийн сан тогтвортой хөгжлийн боловсрол, байгаль орчны хуулийн чиглэлээр хүүхэд, залуусын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор НҮБ-н Нийгэмлэгтэй 2023 оноос хойш хамтран ажиллаж байна.

Хамгийн сүүлд НҮБ-ийн нийгэмлэгийн санаачилгаар Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлийн гишүүдэд зориулан зохион байгуулсан „Policy Empowerment Programm" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ханнс-Зайделийн сан  дэмжиж ажилласан. Хөтөлбөр нь залуусын нийгмийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хууль журам боловсруулах үйл явц дахь  оролцоонд чадавхжуулах ач холбогдолтой байсан. Энэ хүрээнд залуус дараах зорилгуудад хүрсэн байна.

  1. Салбарын мэргэжилтнүүдийн сургалт, хэлэлцүүлэгт оролцож, үндэсний төдийгүй олон улсын байгаль орчны хууль, эрх зүй, гэрээ хэлэлцээрийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэв.
  2. Олж авсан мэдлэгээ дунд, ахлах сургуулийн сурагчдад түгээхийн зэрэгцээ, байгаль орчинтой холбоотой сурагчдад тургамдаж буй асуудал хэрэгцээ, шаардлагыг олж мэдсэн.
  3. Олж мэдсэн хэрэгцээ, шаардлага дээр үндэслэн байгаль орчны тухай хуулийн шинэчилсэн найруулгад өгөх санал зөвлөмж боловсруулж, холбогдох яамд хүргүүлсэн.

 

Байгаль орчны асуудал дэлхий нийтэд тулгамдаж байгаа өнөө үед залуучууд орон нутаг, олон улсын түвшинд дуу хоолойгоо нэгтгэн, Ардчилал, Энх тайван, Хөгжлийн төлөө хамтран ажиллахын ач холбогдлыг тус сангийн тэргүүн Felix Glenk онцоллоо.  

Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл нь НҮБ-ийн Нийгэмлэгийн санаачилгаар 2024 оны 10 сард албан ёсоор байгуулагдсан. Байгаль орчин, уур амьсгалын чиглэлээрх залуучуудын мэдлэгийг дээшлүүлж, тэдгээрийн олон улсын хурал, уулзалт дахь оролцоог нэмэгдүүлсэнээр олон улсын түвшинд шийдвэр гаргагчдад залуусын дуу хоолойг хүргэх нь тус зөвлөлийн зорилго оршино. Энэ хугацаанд дээрх зөвлөл “Цөлжилттэй тэмцэхэд залуучуудын оролцоо” үндэсний форум, “Уур амьсгалын шилжилт - Нийгмийн дуу хоолой” сэдэвт сургалт хэлэлцүүлэг, түүнчлэн “Цахим Менторшип” хөтөлбөрийг тус тус амжилттай зохион байгуулсан байна.