Print logo
Jump to main navigation Jump to content

Зочлолт
“Go Together” залуучуудын баг Ханнс-Зайделийн сангийн байранд зочиллоо

2026 оны 1 дүгээр сарын 15-ны Пүрэв гаригт БНСУ-ын Тонён хотын RCE (Tongyeong RCE)-ээс хэрэгжүүлдэг “Bridge to the World” залуучуудын хөтөлбөрийн 17 дахь үеийн “Go Together” баг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын байранд зочилж, танилцах уулзалт, мэдээллийн арга хэмжээнд оролцлоо.

Тус баг нь “Хотжилт эрчимтэй явагдаж буй орчинд хүн ба зэрлэг амьтад хэрхэн зэрэгцэн орших боломжтой вэ?” сэдвийн хүрээнд судалгаа, туршлага солилцохоор Монгол Улсыг зорин иржээ.

Арга хэмжээний хүрээнд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар залуучуудад чиглэсэн төслүүд, үйл ажиллагаа, бодит кейс, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулга хийсэн бол UNA Mongolia байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хишигнэмэх залуучуудын оролцоо, иргэний боловсрол, манлайллын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Танилцуулгын дараа нээлттэй асуулт-хариултын хэсэг болж, “Go Together” багийн гишүүд Монгол Улсад хэрэгжиж буй залуучуудын төсөл, байгаль хамгаалал, иргэний оролцооны талаар сонирхсон асуултуудаа тавьж, Ханнс-Зайделийн сан болон UNA Mongolia байгууллагын төлөөллүүд дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Арга хэмжээ дурсгалын зураг авалт, гол санааг нэгтгэсэн дүгнэлт, талархлын үгээр өндөрлөсөн бөгөөд энэхүү уулзалт нь залуучууд хоорондын олон улсын харилцаа, туршлага солилцоог дэмжсэн чухал алхам боллоо.