Семинар
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь”
Семинарын зорилго нь “Шүүхийн цагдаагийн алба хаагч”-ийн ур чадварыг практикт дадлагажуулах, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, олон улсын туршлагыг таниулах замаар нэмэгдүүлэхэд оршиж байв. Практик сургалтын хүрээнд цагдаагийн алба хаагчдыг дуураймал орчинд шүүх хуралдааны дэг журам тогтоох, түүнчлэн асуудал тулгарсан тохиолдолд хариу үйлдэл үзүүлэх, нэгжлэг хийх, шүүгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй гэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчид болон хөндлөнгийн ажиглагч нарын аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгч нарыг албадан авчрах гэх мэт сургалтыг зохион байгууллаа.
Ханнс Зайделийн сангийн төслийн зохицуулагч С.Мөнхжаргал шүүхийн аюулгүй байдал, дэг журмыг хангах Герман улсын тогтолцоо, боловсролын тогтолцооны талаар оролцогчдод мэдээлэл өглөө.
Семинарт хамрагдсан 68 оролцогчид онол практикийн сургалтын үр дүнд хамрагдсан гэрчилгээг гардан авсан. Хаалтын ажиллагааны үеэр цагдаагийн байгууллагын зарим алба хаагчдыг “Улсын Дээд Шүүхийн зөвлөлийн хүндэт медаль”-иар шагнаж, талархлын бичгийн хамт гардууллаа. Шагналыг Улсын Дээд Шүүхийн зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр гардуулав.
А.Насандэлгэр хуралдааныг хааж “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан шүүх, шүүгчийн хараат бус байдлын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чухал хүчин зүйл юм. Энэхүү чухал үүргийг хуулиар зөвхөн цагдаагийн албан хаагчид үүрэг болгон хуульчилсан бөгөөд тус хариуцлагатай ажлыг зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчин л хийж болно. Энэхүү эрсдэлтэй, амаргүй ажил нь бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй байхаас гадна хууль эрх зүйн онолын мэдлэгийг шаарддаг бөгөөд бид үүнийг хоёр өдрийн сургалтаар сайжруулахыг зорьлоо. Энэ сургалтыг жил бүр зохион байгуулмаар байна. Нийт оролцогчиддоо олж авсан мэдлэг, ур чадвараа практикт амжилттай хэрэгжүүлж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээн хэллээ.