Тэтгэлэгт Хөтөлбөр
Насанд хүрээгүйчүүдийн эрүүгийн эрх зүйн сэдвээр ХБНГУ-ын Бавари муж улсад хийсэн судалгааны ажил
Шинжлэх ухаан, хөгжлийн сэтгэл судлалд суурилсан тогтолцоо
Судалгааны ажлын хугацаанд судлаач Н.Одонтуяа Бавари муж улсын Хүүхэд, өсвөр үеийн хэргийн шүүх, прокурорын байгууллагууд, тэнсэн харгалзах ялтнуудад дэмжлэг үзүүлэх алба, Хүүхэд, өсвөр үеийн хүмүүсийг дэмжих албадын үйл ажиллагаатай танилцан, уулзалт, ажиглалт хийлээ. Тэрээр Герман улс хэрхэн криминологи, хөгжлийн сэтгэл судлал, нийгмийн заах арга зүйн шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг Насанд хүрээгүйчүүдийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (Jugendgerichtsgesetz)-ийн хүрээнд Хүүхдийн дагнасан шүүхийн практикт системтэйгээр ашиглаж байгааг судалсан юм.
Хүүхдийн дагнасан шүүхийн нэгэн шүүгч:
“Хүүхэд, өсвөрийн залуус алдаа гаргах нь хэвийн үзэгдэл. Бидний үүрэг бол тэдний хөгжлийг ойлгож, нийгэмд буцаж орох замыг нь чиглүүлэх юм” хэмээн өгүүлснийг энд онцлон дурдмаар байна.
Германы Хүүхэд, өсвөр насны иргэдийн шүүхийн тогтолцоо нь яллаж шийтгэх бус хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх, дахин нийгэмшүүлэх зорилгод төвлөрч ажилладаг байна. Хувь хүүхдийн төлөвшил, сэтгэл зүйн хөгжил, нийгмийн орчин болон хувь хүнийхээ хувьд буй тээж буй ачаалал дарамтыг шүүх шийдвэр гаргахдаа чухалчлан харгалздаг бөгөөд ингэхдээ нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурладаг.
Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүхэд уг судалгааны ажил хэр ач холбогдолтой вэ?
Монгол Улс 2026 оноос Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийг байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам 2025 оны 11-р сард энэхүү Шүүхийн үйл ажиллагааг зохицуулах процессын шинэ хуулийн төслийг гадаад, дотоодын байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж УИХ-д өргөн бариад байна.
Энэхүү судалгааны ажил нь энэхүү дагнасан шинэ шүүхийн үйл ажиллагаанд хувь нэмэр болохуйц, цаг үеэ олсон санал, зөвлөмжүүдийг дэвшүүлж байна. Удахгүй хэвлэгдэх бодлогын баримт бичигт Бавари муж улсын туршлагаас дараах үндсэн санаанууд тусгагдагдана. Үүнд:
• Хүүхэд төвтэй шүүн таслах ажиллагаа
• Шүүхийн практикт хэрэгт холбогдогчийн сэтгэлзүйн болон нийгмийн байдлын дүгнэлтийг ашиглах
• Шүүхийн ажиллагаанаас аль болох татгалзах, талуудыг эвлэрүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх замаар шударга ёсыг сэргээх зарчмыг чухалчлах
• Байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах (цагдаа, прокурор, нийгмийн үйлчилгээ, сургууль) замаар ажлын уялдаа холбоог нь дээшлүүлэх
• Насанд хүрээгүй ялтнуудыг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх хөтөлбөрүүд
Эдгээр зөвлөмүүд Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн академи болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулагдах болно.
Монгол улс болон Бавари муж улсын институци хоорондын хамтын ажиллагаа бэхжиж байна
Судалгааны энэхүү айлчлал нь Бавари муж улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын санхүүжилтээр хэрэгжиж буй өргөн хүрээтэй тэтгэлэгт хөтөлбөрийн нэг хэсэг юм. Хөтөлбөр нь залуу судлаач, мэргэжилтнүүдийг дараах хэлбэрээр дэмждэг:
• Богино хугацааны судалгааны айлчлал хийх,
• Герман хэлний сургалт (A1–B2),
• Хамтарсан семинар, судалгааны нийтлэл, академик хамтын ажиллагаа.
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк: “Н.Одонтуяагийн судалгаа нь эрх зүйн харьцуулсан судалгаа Монгол Улсыннасанд хүрээгүйчүүдийн эрүүгийн эрх зүйн шинэчлэлд хэрхэн түлхэц болох боломжтойг харууллаа. Түүний судалгааны ажил хүүхэд хамгаалал, нийгэмшүүллийн асуудалд шинжлэх ухаанч өнцөг, олон улсын шилдэг туршлагуудаар хувь нэмэр оруулж байна” хэмээн онцлов.
Цаашдын алхмууд
2026 оны эхээр Н.Одонтуяа судалгааны ажлын тайлангаа хууль зүйн бодлого тодорхойлох гол байгууллагуудад танилцуулж, хүүхдэд ээлтэй, хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн шүүхийн стандартыг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр ажиллана. Мөн түүний судалгаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман-Европын эрх зүйн төвөөс эрхлэн гаргадаг Continental Law сэтгүүлд хэвлэгдэж, нотолгоонд тулгуурласан шүүх ажиллагааны талаархи мэргэжлийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах болно.