Хээрийн судалгаа
Хар-Ус нуурын БЦГ-т зочиллоо
Судалгаагаар Төв Азийн нүүдлийн замд орох Хар ус нуурын экосистемийн үйлчлэл, түүний нүүдлийн шувуудад нөлөөлөх ач холбогдлын талаар мэдээлэл олохыг зорилоо. Энэ хүрээнд “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв”- ийн Байгаль хамгааллын захирал М.Мөнхжаргалын хамт Ховд аймгийн Шувуу бөгжлөлийн суурин төвөөр зочлон үйл ажиллагаатай танилцаж, Хар-Ус БЦГ-ын байгаль хамгаалагчидтай уулзан орон нутгийн түвшин дэх менежментийн төлөвлөлтийн талаар санал солилцов.
Судалгааны үеэр Ховд их сургуулийн судалгааны багийн хийж буй Хар -Ус нуурын экосистемийн судалгааг удирдаж буй Др. Проф. Михаел Вальтерын илтгэлийг сонсож, харилцан санал солилцох боломжтой байлаа.
Судалгааны төгсгөлд Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзоригтой уулзан үйл ажиллагаатай танилцаж, шувуу судлах, хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа хийгээд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал солилцлоо.
54 зүйлийн хөхтөн амьтан, 5 зүйл загас, 5 зүйл мөлхөгч хийгээд 390 гаруй сээр нуруугүйтэн амьдрах тус БЦГ-т нийт 268 зүйлийн шувуу бүртгэлтэй байдаг бөгөөд 1999 онд Олон улсын намгархаг газар, усны шувуу олноор амьдардаг орчныг хамгаалах тухай конвенц (Ramsar), Чухал газар (IBA) болон Унаган шувуудын газар (EBA)-т тус тус бүртгэгдсэн байна.
Дээрх судалгааг амжилттай хийхэд дэмжин ажилласан Хар-Ус орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC), ЮНЕСКО-н дэргэдэх Зүүн төв Азийн хүрээлэн буй орчны шинжлэх ухаан хариуцсан тэргүүлэгч Др. Проф. Михаел Вальтер болон WSCC-н Ховд аймагт байрлах шувуу бөгжлөлийн төвийн туслах Батбаясгалан нарт гүн талархал илэрхийлье.