Print logo
Jump to main navigation Jump to content

Нээлт
“Эх дэлхийн сургууль” хөтөлбөрийн нээлт боллоо

Улаанбаатар хот. Өнгөрсөн бямба гарагт 2026 оны 05 дугаар сарын 18-нд Ханс Зайделийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эх дэлхийн сургууль” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улс 2026 оны 08 дугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал (UNCCD COP17)-ыг эх орондоо зохион байгуулах түүхэн үйл явдалтай давхцаж буйгаараа онцлог бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) сурагчдын байгаль орчны боловсрол, бодит оролцоог дэмжихэд чиглэж байна.

Хөтөлбөрийн зорилго ба ач холбогдол

Өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол болон байгаль хамгаалах хууль, эрх зүйн тухай ойлголтыг сурагчдад олгох нь хөтөлбөрийн гол цөм юм. Багш нараас бэлдсэн онолын мэдлэгийг аваад зогсохгүй, сурагчид өөрсдийн амьдарч буй орчинд тулгамдаж буй байгаль орчны асуудлыг бие даан тодорхойлж, түүнийг шийдвэрлэх бичил төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмрээ оруулах боломжийг энэхүү хөтөлбөр бүрдүүлж байна.

Хамрах хүрээ ба зорилт

Хөтөлбөрт нийт 14 сургууль хамрагдаж байгаа бөгөөд дараах хэлбэрээр төслүүдээ хэрэгжүүлнэ:

  • Танхимаар хамрагдаж буй 12 сургууль: Сурагчид өөрсдийн орчны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол болон хууль эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэлэг санаачилга бүхий төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.

  • Цахимаар хамрагдаж буй 2 сургууль: Орон нутгийнхаа онцлогт тохирсон бичил төсөл боловсруулан хэрэгжүүлж, орон нутгийнхаа байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулна.

 

НҮБ-ын COP17 платформоор дамжуулан дэлхийд танигдах боломж

Сурагчдын боловсруулан хэрэгжүүлсэн төслүүдээс шалгарсан "Шилдэг төсөл"-ийг энэ оны 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал (UNCCD COP17)-ын үеэр НҮБ-ын Нийгэмлэгийн павильонд олон улсын төлөөлөгчдөд танилцуулах онцгой эрхээр шагнана. Энэ нь Монголын ирээдүй болсон хүүхэд залуус дэлхийн хэмжээний индэрт өөрсдийн дуу хоолойг хүргэж, шийдлээ хуваалцах ховорхон боломж юм.

Ханс Зайделийн сан нь тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах үйлсэд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх санаачилгуудыг санхүүжүүлж байгаа бөгөөд “Эх дэлхийн сургууль” хөтөлбөрөөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зогсох идэвхтэй иргэдийг бэлтгэхэд хамтран ажиллаж байна.