Олон улсын хурал
19 дэх удаагийн "Айнринг дэх Улаан өндөгний баярын өдрүүд" болж өндөрлөлөө
Хурлыг Бавари муж улсын Дотоод хэргийн сайд Ёоахим Хэррманн нээж үг хэлэхдээ:
Хууль бус гадаад иргэн харъяатын шилжилт хөдөлгөөн, хил дамнасан гэмт хэргүүд Герман улсад тулгамдаж буй томоохон асуудал болохыг онцоллоо. ХБНГУ-н иргэд дотоод аюулгүй байдал, хууль бус шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх хүрээнд шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авах хүлээлттэй байна. Тиймээс шинэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд хиймэл оюун ухааныг ашиглах нь зайлшгүй шаардлагтай болоод байна гэлээ.
Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан тэрээр харилцан суралцахад чухал ач холбогдол бүхий талбарыг олон улсын түвшинд зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Төрийн сайд Херрманы айлчлал нь улстөрчид цагдаагийн ажлыг үнэлж буйг илэрхийлээд зогсохгүй ХБНГУ-ын цагдаа, улстөрчдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг олон улсын зочдод харуулсан байна.
Хуралд 100 гаруй төлөөлөл оролцлоо
"Цагдаагийн байгууллагын ирээдүйг идэвхжүүлье“ уриан доор явагдсан мөн хуралд 20 гаруй орны улс төр, цагдаагийн байгууллага болон эрх зүйн салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо.
Монгол улсыг төлөөлөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Чингүнжав нар оролцож, туршлага мэдлэгээ хуваалцлаа.
Олон улсын туршлагаас
Ханнс-Зайделийн сангийн зүгээс 3 илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо хуваалцлаа.
- Гана улсын цагдаагийн газрын дэд ахлах ахлагч Жорж Кингсли Аду, газар нутгийн маргаан, залуучуудыг радикалчлалд татан оролцуулах, ядуурал, хүмүүсийн харилцаа холбоо холдож, эдийн засаг, улс төрийн амбиц эрчимжсэн нь терроризмын үйл ажиллагааг хөдөлгөгч гол хүч болохыг илтгэв. Энэ бүх хүчин зүйл Гана болон хөрш орнуудад терроризмыг өдөөгч болж байна. Үндэстэн дамнасан гэмт хэрэг, тэр дундаа алтны бизнес терроризмыг санхүүжүүлж байна. Эдгээр сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг олоход бүс нутгийн болон орон нутгийн цагдаагийн байгууллагын туршлага солилцоо хийгээд нийгмийн сүлжээн дэх цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал байна. Олон нийтэд чиглэсэн тогтмол хэлэлцүүлгийн арга хэмжээнүүдийн тусламжтайгаар цагдаа нар итгэлийг олж авдаг бөгөөд энэ нь радикализмаас сэргийлдэг. Ханнс Зайделийн сан энэ төрлийн хөтөлбөрүүдийг олон жилийн өмнөөс дэмжиж ирсэн байна.
- Өндөр албан тушаалтнуудын дунд Энэтхэг улсын түнш улс болох Карнатака мужийн цагдаагийн төлөөлөл байлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх Цагдаагийн байгууллагын талаар Цагдаагийн Ерөнхий байцаагчийн орлогч, доктор Санжеев М.Патил танилцуулав. Тэрээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээллийг түгээх нь давуу тал боловч хуурамч мэдээ, үзэн ядалт төрүүлэх агуулга бүхий контент зэрэг аль ч улс орны зогсоож үл чадах сул талууд байдгийг дурдав. Карнатакагийн цагдаа газраас үүнд бүрэн автоматжуулсан тэмцлийн арга хэмжээг саяхнаас хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, 1930 үндэсний лавлах утас нь банкны системд автоматаар холбогдсон нь мэдээллийг төвлөрүүлж, гэмт хэргийн профессд саад болдог байна. Гэвч Карнатакад албан ёсны олон хэл үйлчилдэг нь бас нэгэн хүндрэл болдог байна. Тухайлбал Энэтхэг улсын албан ёсны 22 хэлний арван хэлээр Карнатагад ярьдаг. Түүнчлэн шашны олон янз байдал нь мөргөлдөхөд хүргэх үндэс болдог байна. 2023 оноос хойш Карнатакагийн цагдаагийн газар зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг идэвхтэй хянаад зогсохгүй эмх замбараагүй байдал, нийгэм улс төрийн хуваагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд сөрөг баримт мэдээллийг шалгах замаар хуурамч мэдээтэй идэвхтэй тэмцэхээр шийдсэн.
Бавари муж улсын тусгай албаны цагдаагийн ерөнхийлөгч Михайл Дебовски хурлыг хааж, дүгнэхдээ Гэмт хэрэг олон улсын түвшинд үйлдэгдэж байна тиймээс цагдаагийн байгууллагын сүлжээг ч мөн олон улсын түвшинд хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тэрээр Улаан өндөгний баярын өдрүүд – Олон улсын хурал энэхүү сүлжээг бий болгоход тодорхой хувь нэмэр оруулж байгааг сайшаав.
Ханнс-Зайделийн сангаас зохион байгуулсан нэмэлт хөтөлбөр
Олон улсын хурлын дараа Ханнс-Зайделийн сангаас олон улсын зочдод зориулж нэмэлт хөтөлбөр зохион байгуулав. Оберсалцбергийн Үндэсний социалист хөдөлгөөний баримт бичгийн төвд хийсэн айлчлал нь Үндэсний социализмын тухай түүхэн мэдээлэл өгч, тухайн үеийн цагдаагийн байгууллагын үүргийн талаарх шүүмжлэлийг таниулсан байна.
Түүнчлэн “Аюулгүй байдлын бодлого ба хил хамгаалал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Цагдаагийн газрын дарга Стефан Штайнлайтнер Европын холбоон дахь Бавари муж улсын хилийн цагдаагийн үүргийн талаарх мэдээлэл өгсний дараа Герхард Холзингерын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж буй Пидингийн хилийн цагдаагийн хэлтэст зочиллоо. Тэнд зочдод эрэн сурвалжлах, хууль бусаар хил нэвтрүүлэхтэй тэмцэх, техник хэрэгсэл ашиглах зэрэг практик ажлын талаар ойлголт өгсөн.