Print logo
Jump to main navigation Jump to content

Эрдэм шинжилгээний хурал
Оюутнууд хүрээлэн буй орчныг хамгаалах талаарх шинэлэг санаачлагуудаа хэлэлцэв

2025 оны 11 дүгээр сарын 6-нд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран “Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оюутнуудын оролцоо” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Улсын хэмжээнд 65 судалгааны ажил ирүүлэгдсэн нь оюутнуудын байгаль орчны хамгаалал, эрх зүй болон технологийн шинэлэг санаачилгад идэвхтэй оролцож буйг харууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Феликс Гленк болон Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Н.Бадраа нар үг хэлж, оюутан, судлаачдад амжилт хүсэв.
Хурлын модератороор Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор, цагдаагийн хошууч Н.Сайнбаяр ажиллав.

(copy 115)

Оролцогчид ба илтгэлийн сэдвүүд

Эрдэм шинжилгээний хуралд улсын хэмжээнд их, дээд сургуулиудаас 65 илтгэл ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн урьдчилсан шатны үнэлгээгээр 8 илтгэлийг хэлэлцүүлэгт оруулсан байна.

(copy 116)

Оюутнууд хүрээлэн буй орчны хамгаалал, хууль сахиулах ажиллагаа, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвийг хамарсан өргөн хүрээний судалгааны ажлуудаа танилцуулсан бөгөөд үүнд:

  • “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялыг шударга ёсны нөхөн сэргээх үзэл баримтлалын үүднээс боловсронгуй болгох нь” — МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд С.Ахшолпан, Б.Оюунтуяа
  • “Их, дээд сургуулийн оюутнуудын хүрээлэн буй орчныг хамгаалах хариуцлагын мэдрэмж ба бодит зан үйлийн хамаарлыг судалсан нь” — ДХИС-ийн оюутан Б.Оюухай, Монгол Улсын Их Сургууль Боловсрол, Сэтгэл судлалын оюутан Т.Өлзийбаясгалан
  • “Монгол Улсад PET хуванцар хог хаягдлыг ферментээр задалж дахин боловсруулах технологийн боломж ба үр нөлөө” — ДХИС-ийн оюутан Ц.Мөнхсарнай
  • “Хиймэл оюун ухаанд суурилсан хог хаягдлын менежментийн олон улсын туршлага ба Монгол Улсад хэрэгжүүлэх арга зам” — ИЗИС-ийн оюутан Ц.Цэрэнбат
  • “Хууль бус ан агнуурын өнөөгийн нөхцөл байдал, техник технологийн дэвшлийг ашиглан ангийн мах илрүүлэх нөхцөл боломж” — ДХИС-ийн  оюутнууд Б.Амин-Эрдэнэ, Ч.Эмүжин
  • “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт холбогдох цахим нотлох баримтын хэрэглээ ба түүний хууль ёсны баталгааг хангах асуудал” — МУИС-ийн оюутнууд Е.Мөнхжин, Ц.Номин-Эрдэнэ
  • “Хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан системийг хүрээлэн буй орчны мониторингт ашиглах нь” — ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн сонсогч Ц.Оргилбаяр
  • “Олон улсын гэрээ, конвенцоор хамгаалагдсан нүүдлийн амьтдыг хамгаалахад Монгол Улсын хууль тогтоомжийн нийцэл ба зөрчилтэй асуудал” — ДХИС-ийн оюутан Б.Отгонтуяа

 Шилдэг илтгэлүүдийг тодруулав

Хуралдааны төгсгөлд шүүгчдийн зөвлөмж, хэлэлцүүлгийн дүнг үндэслэн онол, практикийн ач холбогдол, судалгааны арга зүй, илтгэл тавилт зэргийг харгалзан шилдгийн шилдэг гурван илтгэлийг шалгарууллаа.

1-р байр

  • “Хууль бус ан агнуурын өнөөгийн нөхцөл байдал, техник технологийн дэвшлийг ашиглан ангийн мах илрүүлэх нөхцөл боломж” — Б.Амин-Эрдэнэ, Ч.Эмүжин (ДХИС, ЭЗНУС)

2-р байр

“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялыг шударга ёсны нөхөн сэргээх үзэл баримтлалын үүднээс боловсронгуй болгох нь” — С.Ахшолпан, Б.Оюунтуяа (МУИС, Хууль зүйн сургууль)

3-р байр

“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт холбогдох цахим нотлох баримтын хэрэглээ ба түүний хууль ёсны баталгааг хангах асуудал” — Е.Мөнхжин, Ц.Номин-Эрдэнэ (МУИС, Хууль зүйн сургууль)

(copy 117)

Шилдгээр шалгарсан илтгэгчдэд батламж, мөнгөн шагнал гардуулсан бөгөөд нийт илтгэлүүд эрдэм шинжилгээний бүтээлч сэтгэлгээ, практик хэрэглээний чадамжийг тод харуулсан юм

Энэхүү үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал нь залуу судлаачдын хүрээлэн байгаа орчны эрх зүйн ойлголт, судалгааны ур чадвар, инновацийн сэтгэлгээг хөгжүүлэх чухал талбар болж, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад оюутны оролцооны бодит жишээг тод харуулсан үйл явдал боллоо.